ХБНГУ-ын парламентын сонгуульд Социал-Демократ нам тэргүүлж байна

Улс төр

ХБНГУ-д ням гарагт болсон парламентын сонгуульд урьдчилсан дүн байдлаар Социал-Демократ нам тэргүүлж, араас нь энэ улсын засгийн эрхийг сүүлийн 16 жил тасралтгүй тэргүүлсэн Ангела Меркелийн тэргүүлж байсан Христийн Ардчилсан эвсэл нам 2-рт жагсан, Ногоонтны нам эхний гурван байрыг хумьж байна.

Германы Бундестагийг 2005 оноос хойш Ангела Меркелын тэргүлж байсан Христийн Ардчилсан нам тэргүүлж байсан бол энэ удаагийн сонгуулиар Европын нөлөө бүхий улс оронд засаг төр солигдох нь гарцаагүй болжээ.

Сонгуулийн урьдчилсан дүн байдлаар Германы Социал-демократ нам Бундестаг буюу энэ улсын парламентад иргэд сонгогчдын 25,7% буюу ойролцоогоор 206 суудалтай болжээ.

Тэгвэл араас нь Христийн Ардчилсан Холбоо, Христийн Нийгмийн холбоо намын эвсэл 24,1% буюу 196 суудалтай болсон байна. Германы Бундестагийг сүүлийн 16 жилийн туршид тэргүүлсэн Христийн Ардчилсан эвслийн хувьд энэ удаагийн сонгуульд хамгийн муу үзүүлэлттэй яваа юм.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр 3-рт Ногоон нам жагсч, сонгогчдын 14,8%-ийн саналтайгаар 118 мандаттай болсон бол Чөлөөт Ардчилсан нам 11,5%-ийн саналаар 92 суудал, Хэт Барууны нам 10,3%-ийн саналаар 83 мандат, Зүүний нам 4,9%-ийн санал авч 39 суудал тус тус эзлээд байна.

Түүнчлэн Бундестагийн сонгуульд бусад нам хүчин 8,7%-ийн санал авчээ. Германы СЕХ-ноос мэдээлснээр энэ жилийн парламентын сонгуулийн үеэр 30 хүртэлх насны залуусын дийлэнх “Ногоон” намын төлөө саналаа өгчээ. Улс төрийн ажиглагчдын тэмдэглэж байгаагаар залуусын 22% нь Ногоон намд саналаа өгснийг эко идэвхитнүүдийн хувьд томоохон амжилт гэж дүгнэж болохуйц байна. Германы парламентын сонгуулийн өмнө “Ирээдүйн төлөөх баасан гараг” хөдөлгөөний хүрээнд өргөн хүрээний жагсаал хийсэн

Германы Ногоон нам энэ удаагийн Бундестагт өмнөхөөс хоёр дахин олон буюу 67 мандат илүү авч чадсан нь томоохон амжилт юм.

Германд болсон Бундестагийн сонгуулийн албан ёсны дүн гарсны дараагаар засгийн газар байгуулах хэлэлцээг намууд ойрын өдрүүдэд эхлүүлэх юм.

Ногоон намын хувьд шинэ Засгийн газарт багтана гэдэг нь тодорхой байгааг ажиглагчид тэмдэглэж байна. Бундестагийн сонгуульд амжилттай оролцсон намын тэргүүнүүд Холбооны канцлерын төлөө нэр дэвшинэ. Засгийн газар байгуулах хэлэлцээрийг амжилттай явуулж олонхийн эвсэл байгуулсан намын тэргүүн ХБНГУ-ын дараагийн канцлер болох юм.