Путин, Эрдоган нар Сочид уулзлаа

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотноо Туркийн хамтрагч Режеп Тайип Эрдоганыг хүлээн авч уулзсан байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар Сочигийн уулзалтын үеэр олон улсын анхаарал татсан сэдвүүд, түүнчлэн Орос-Туркийн харилцааны талаар хэлэлцжээ. 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүний тойрон хүрээлэлд цар тахлын халдвар илэрснээс хоёр долоо хоног өөрийгөө тусгаарлан карантинд байсны дараагаар Туркийн ерөнхийлөгчийг Сочи хотод, Хар далайн эрэг дагуух “Бочаров ручей” өргөөндөө хүлээн авч уулзжээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар 3 цаг үргэлжилсэн уулзалтын үеэр Сири, Ливи дэх нөхцөл байдал, мөн хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар голчлон хэлэлцжээ. ОХУ, Туркэд барьж байгаа цөмийн цахилгаан станцын эхний блокийг ирэх онд дуусгаж, Анкарад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Энэ талаар Путин Сочигийн уулзалтын үеэр Эрдоганд мэдээлжээ.

Сочид болсон уулзалтын үр дүнд талууд сэтгэл хангалуун үлдэж, хоёр улсын харилцааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ.