НОБЕЛИЙН 2021 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫН ШАГНАЛТНУУД ТОДОРЛОО

Улс төр

Шведын Эзэн хааны шинжлэх ухааны академийн дэргэдэх Нобелийн хороо 2021 оны эдийн засгийн салбарын шагналтнуудыг тодруулан нэрлэлээ. Энэ жил Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг Канад-Америкийн эдийн засагч Дэвид Кард, Америкийн судлаачид болох Жошуа Ангрист болон Гуидоо Имбенс нар хүртэхээр тодорсон байна. Эдийн засгийн салбарын шагналтнуудыг нэрлэснээр 2021 оны Нобелийн шагналтнууд тодорч дууслаа.

Нэртэй эрдэмтэн Альфред Нобелийн 1895 онд бичиж үлдээсэн гэрээслэлийн дагуу олгодог Нобелийн шагналыг анагаах ухаан, хими, физик, утга зохиол, энх тайвны үйл хэргийн төлөө 5 салбарт тодруулан 1901 оноос эхлэн олгож эхэлсэн бол Шведын банкны санал санаачилгаар 1968 онд Нобелийн шагналыг эдийн засгийн салбарт мөн олгохоор тогтож, 1969 оноос эхлэн тодруулж эхэлжээ. 2021 оны Нобелийн эдийн засгийн салбарын шагналтнаар тодорсон Дэвид Кард энэхүү шагналыг “хөдөлмөрийн эдийн засагт туршлага дээр үндэслэсэн хувь нэмэр оруулсных нь төлөө хүртээжээ. Тэгвэл Америкийн судлаачид болох Жошуа Ангрист болон Гуидоо Имбенс нар Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг “шалтгаан болон үр дагаврын харилцаанд хийсэн дүн шинжилгээний судалгааны ажлаараа хүртсэн байна. Шагнал олгох хорооны мэдэгдэлд дурьдсанаар 2021 оны шагналтнууд нь хөдөлмөрийн зах зээлийн талаар шинэ үзэл бодол танилцуулж, эдийн засгийн үйл явцын шалтгаан, үр дагаврын талаар хэрхэн дүгнэлт хийж болохыг туршилтаар батлан харуулсныг онцолжээ.

Нобелийн шагналтнуудад шагнал олгох ёслолын ажиллагаа жил бүрийн 12-р сарын 10-нд болдог. Харин энэ жил 2020 оны нэгэн адил цар тахлын халдварын улмаас Нобелийн шагнал гардуулах ёслол, уламжлалт хүлээн авалтыг зохион байгуулахгүй, өнжихөөр шийдвэрлэсэн байна. Харин үүний оронд Нобелийн шагналтнуудтай тухайн байгаа газартай нь онлайнаар холбогдож, их дээд сургууль-Шведын ЭСЯ-аар нь дамжуулан диплом, медалийг нь гардуулан өгөхөөр болжээ. Энэ жил Нобелийн шагналтнуудыг диплом, медалиас гадна 10 сая швед крон буюу ойролцоогоор 1 сая долларын мөнгөн шагнал дагалдана.