Их Хорийн бүлгийн дээд уулзалтаар Афганистаны хямралыг тусгайлан хэлэлцлээ

Улс төр

Дэлхийн аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн улс орнууд болох Их Хорийн бүлгийн улс орнуудын тэргүүлэгчид Афганистаны засгийн эрхэнд гарсан Талибаны бүлэглэлд биш харин Афганистаны энгийн номхон иргэдэд тусламжийн гараа сунгах хүсэлтэй байна. Их Хорийн улс орнуудын тэргүүлэгчид мягмар гарагт Афганистаны асуудлаар виртуал уулзалт хийх үеэрээ энэ талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Их Хорийн улс орнууд Афганистанд нүүрлээд байгаа хүмүүнлэгийн гамшгийн нөхцөл байдлыг хэрхэн шийдэх, хэрхэн тусламж дэмжлэг үзүүлэх асуудлаар хэлэлцжээ. Афганистаны засгийн эрхэнд Талибаны бүлэглэл гарсны дараагаар энэ улсад эдийн засгийн болоод хүмүүнлэгийн гамшиг нүүрлээд байгаа юм. Их Хорийн виртуал уулзалтын үеэр дэлхийн улс орнууд Афганистанд донорын тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлжээ. Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Афганистанд тэрбум долларын тусламж үзүүлж, үүнээс 300 саяыг хүмүүнлэгийн гамшиг нүүрлэхээс сэргийлэхэд зориулах санал гаргажээ. Түүнчлэн олон улсаас үзүүлэх тусламжийн мөнгийг зөвхөн Афганистан төдийгүй мөн энэ улсаас дүрвэгсэд хүлээн авч байгаа хөрш зэргэлдээх орнуудад ч хуваарилах нь зүйтэй гэж үзэж байна.

Германы канцлер Ангела Меркель Их Хорийн уулзалтын үеэр Афганистанд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэхийн тулд Талибаны бүлэглэлтэй харилцахаас өөр сонголт үлдэхгүй байгааг тэмдэглэж, олон улсын тусламж дэмжлэг Талибанд чиглээгүй, Афганистаны энгийн номхон ард иргэдэд чиглэж байгааг юуны түрүүнд ойлгох нь зүйтэй гэдгийг мөн онцлон хэлжээ.

Их Хорийн виртуал уулзалтаар түүнчлэн хүмүүнлэгийн гамшиг сүйрлээс сэргийлэх асуудлаас гадна алан хядлага, терроризмтай тэмцэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, Афганистаны иргэдийн улс орондоо-дотоодод чөлөөтэй шилжин явах эрх болоод гадны улс орнуудаас үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийн асуудлыг хэлэлцжээ. Италийн Ром хотод төвтэйгээр явагдсан Их Хорийн бүлгийн виртуал уулзалтад түүнчлэн НҮБ, ОУВС, Дэлхийн банкны албаны төлөөлөгчид оролцжээ.