Путин хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээ мэдэгдсэн ч ЕХ-ны эрчим хүчний бодлогыг шүүмжиллээ

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва хотноо болсон эрчим хүчний асуудлаарх чуулганд оролцжээ. “Оросын эрчим хүчний долоо хоног” нэртэй чуулганы үеэр Путин Европын улс орнуудад байгалийн хийн үнэ өсч, ирэх өвөл Европын олон улс оронд эрчим хүчний хямрал нүүрлэж болзошгүй байгаа асуудал, Оросын эрчим хүчний салбарын цаашдын бодлогоос гадна  Орос-Америкийн харилцаа, Оросын сөрөг хүчний эсрэг үзэл баримталын талаар байр сууриа илэрхийлжээ.

Эрчим хүчний асуудлаарх чуулганы үеэр Владимир Путин ОХУ Европын орнууд руу чиглэсэн байгалийн хийн экспортын хэмжээгээ нэмэгдүүлж болох хэдий ч ЕХ, Оросын эсрэг тавьсан хориг болоод эрчим хүчний бодлогоо эргэн харах нь зүйтэй гэж үзэж байгаагаа нуугаагүй байна. Путин, байгалийн хийн үнэ өсөхөд Европын улс орнуудын баримталж байгаа бодлого нөлөөлсөн гэдгийг хэлж, эрчим хүчний салбарт тулгараад байгаа хямралын хариуцлагыг эдгээр орнууд өөрсдөө хүлээх ёстой гэдгийг сануулжээ. Ийнхүү мэдэгдэхдээ Путин Европт нүүрлээд байгаа эрчим хүчний хямралаас сэргийлэхийн тулд хийн экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

ОХУ-ын тэргүүн Европт нүүрлээд байгаа хийн хямралыг ЕХ-ны орнууд хийн нийлүүлэлтийн тал дээр удаан хугацааны гэрээ байгуулахаас татгалзаж байснаас үүдэлтэй гэж харж байгаагаа мэдэгджээ. Европын таваарын бирж дээр 7 хоногийн өмнө байгалийн хийн фьючерс ханш мянган куб/м нь 1,900 доллар давж, оны өмнөх үетэй харьцуулахад үнэ нь 8 дахин өсчээ.