НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш Москва хотод Оросын тэргүүн Владимир Путинтай уулзлаа

Улс төр

НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш Москва хотод Оросын тэргүүн Владимир Путинтай уулзаж, дараагаар нь Киев хотод ирж Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзлаа.

НҮБ-ын тэргүүн Орос, Украины талуудыг дайн тулаанаа зогсоож, асуудлаа эв зүйгээр шийдвэрлэхэд уриалах зорилгоор Москва, Киевт саатаж байгаа юм. Антониу Гуттериш Орос-Украины сөргөлдөгч талуудыг галаа зогсооход уриалан, НҮБ дайн тулааныг зогсооход энхийн зуучлагчийн үүрэг хүлээхэд бэлэн байгаагаа ойлгуулах зорилго тавьжээ. 

НҮБ-ын тэргүүн Оросын талыг “Азовсталь” төмрийн үйлдвэрийн нутаг дэвсгэрээс энгийн номхон иргэдийг нэн даруй гаргаж, дайн тулааны бүсээс иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх боломж хайхаар Москвад дараа нь Киевт очжээ. Путин Кремлийн ордонд НҮБ-ын тэргүүнтэй уулзах үеэрээ дайн тулааны бүсэд “хүмүүнлэгийн коридор” нээхэд бэлэн байгаагаа хэлж, харамсалтай нь Украины тал тийм боломж олгохгүй байгааг хэлсэн. 

Оросын тал 2-р сарын 24-нд Украины нутаг дэвсгэр лүү цэрэг армиа оруулснаас хойш 2 сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хооронд сөргөлдөгч талууд дайны эхний өдрөөс л энхийн яриа хэлэлцээ хийж эхэлсэн боловч, сүүлдээ Орос-Украины хэлэлцээрийн бүлэг уулзаж байгаа эсэх нь ч тодорхойгүй болж, энхийн үйл явц замхарсан гэж хэлж болно. 

Тэгвэл Украины дайн дэгдээд 2 сарын хугацаа хэдийнэ өнгөрөөд байхад Орос-Украины хэлэлцээрийн баг хаана байна вэ, тэд ажлаа хийж байгаа юу, энхийн хэлэлцээ үргэлжилж байгаа юу, үр дүн гарч байна уу гэсэн олон асуулт өнөөдөр хариултгүй хэвээр байна...