Мариуполь хотыг хяналтандаа оруулсан Оросын тал галаа зогсоож, “хүмүүнлэгийн коридор” нээж байна

Улс төр

Украины Мариуполь хотыг хяналтандаа оруулаад байгаа Оросын тал хотод онцгой байдал тогтоон, галаа зогсоож, “хүмүүнлэгийн коридор” нээж байна. Өмнө нь хотоос энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор “хүмүүнлэгийн коридор” нээсэн ч харамсалтай нь ажиллагааг зохион байгуулж чадаагүй байна. 

Украины талын мэдээлж байгаагаар Мариуполь хотын дэд бүтцийн 90 гаруй хувь нь сүйдэж, 40-өөд хувийг нь сэргээн босгох аргагүй болжээ. Донецкийн тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхагласан бүс нутаг дайнаас учирсан хохиролын хэмжээг арай багаар тооцож байна.

Украины “Азов” батальоны дайчид Мариуполь хотод агаарын бөмбөгдөлтөөс хоргодон, бункер, газар дорх байгууламжид амьдарч байгаа иргэдийг харуулсан бичлэг үзүүлж байгаа юм. Мариуполь хотоос энгийн номхон иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх зорилгоор “хүмүүнлэгийн коридор” өмнө нь нээж байсан ч иргэдээ хотоос бүрэн гаргаж амжаагүй байна.