Египетээр дамжуулан Европын холбоонд Израиль Улс байгалийн хий нийлүүлнэ

Улс төр

ЕХ, Оросын эсрэг тавьсан хоригоос болж тасалдаад байгаа байгалийн хийг нөхөх, орлох гарц шийдэл хайсаар байна. Тэгвэл Израиль болон Египт ЕХ-нд нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр зорьж байна. 

Египтийн нийслэл Каир хотод ЕХ-ны орнуудад байгалийн шингэрүүлсэн хийн экспортыг нэмэгдүүлэх гэрээнд талууд нэгдэн гарын үсэг зурлаа. ЕХ, Украины дайнаас үүдэлтэйгээр Оросын байгалийн хий, газрын тосны хэрэглээнээс татгалзаж, Оросын эрчим хүчний салбараас хараат байдлаа багасгахаар тэмүүлж байгаа юм. Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйены мэдэгдсэнээр Египтийн талтай байгуулсан гэрээний дагуу Израиль улс Египтээр дамжуулан байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх давхар ач холболдолтой гэрээ болжээ. Египт улс шингэрүүлсэн хийг далайн замаар экспортлох, хэмжээг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн хүчирхэг дэд бүтэцтэй юм. Фон дер Ляйен Каирт гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа: -Орос Украины эсрэг дайн өдүүлснээс шалтгаалан бид Оросын эрчим хүчний салбараас хараат байдлаа эргэн харахад хүрсэн. Цаашид гаднаас авах байгалийн хий, газрын тосны нийлүүлэлтийг найдвартай хангах 3-дагч эх сурвалжийг бид хайсаар байгаа. Тэгвэл энэ тал дээр Египт улс ЕХ-ны хувьд найдвартай түнш орон байж чадна гэжээ.

Египтийн ерөнхийлөгч Абдель Фаттах аль Сиси: -Бид Каирт хийсэн уулзалтаараа Египт болон ЕХ-ны хооронд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг тэлэх асуудлаар чухал гэрээ хэлцэл байгууллаа. Бид цаашид хоёр талын стратегийн харилцааг бэхжүүлэх, өргөжин тэлэхээр тохиролцож, ирээдүйг чиглэсэн чухал гэрээ хэлцэл байгууллаа гэдгийг тэмдэглэн хэлжээ. 

Тэгвэл энэ хооронд Оросын “Газпром” компани мягмар гарагт мэдэгдэл хийн “Умардын урсгал” хий дамжуулах хоолойгоор шахах хийн хэмжээгээ 40%-иар бууруулж байгаа талаар мэдэгджээ. Хийн нийлүүлэлтээ бууруулж байгаа шалтгаанаа Siemens компани хоолойд засварын ажил хийх шаардлагатай болсонтой холбон тайлбарлажээ. Түүнчлэн “Газпром” компани“Умардын урсгал”-ын бас нэгэн хий шахах агрегатаа зогсоохоор шийдвэрлэснээ өчигдөр мэдээллээ. Улмаар Герман улсад нийлүүлэх байгалийн хийн хэмжээ 60%-иар буурах нь тодорхой болжээ. Германы дэд канцлер Оросын “Газпром” компанийн шийдвэрийг техникийн гэхээс илүүтэй улс төрийн шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.