Тесла, Спейс Икс зэрэг компаниудыг эзэмшигч тэрбумтан Илон Маск 2020 оны дэлхийн хамгийн баян эрхэм болжээ. Тэрээр энэхүү жагсаалтыг 2017 оноос хойш тэргүүлж байсан Жефф Безосыг ардаа хаян, Блүүмбергийн жагсаалтыг тэргүүлсэн байна.

Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч Тесла компани, сансрын судалгааны томоохон компани болох Спейс Икс компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийн нийт хөрөнгө 188,5 тэрбум ам. долларт хүрч, Амазоны тэргүүн Жефф Безосын нийт хөрөнгийг 1 тэрбум 500-аад сая доллараар ардаа хаяжээ.

Илон Маск ийнхүү дэлхийн хамгийн баян чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлэхэд түүний эзэмшдэг Тесла компанийн хувьцаа хөрөнгийн биржийн арилжаагаар бараг 5%-иар өссөн нь нөлөөлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд Маскийн хөрөнгө бараг 150 тэрбумаар өсчээ. Тэгвэл сонирхолтой нь 2020 оны 1-р сард, одоогоос яг жилийн өмнө Илон Маск Блүүмбергийн жагсаалтын 35 дугаарт хөрөнгөөрөө жагсч байсан байна.