Дэлхий нийтийн улаанбуудайн хэрэгцээний 60 хүртэл хувийг ОХУ, Украин улсууд нийлүүлдэг. Дайны нөхцөлд байгаа хоёр улс улаанбуудай болоод бусад гол нэрийн бараа бүтээгдэхүүний экспортоо хязгаарлаж эхэлсэн нь олон улсад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болгоод байна. Тиймээс засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тариаланчдын гар дээр бэлэн байгаа 50 мянган тонн улаанбуудайг худалдан авч улсын нөөц бүрдүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр хаврын тариалалт саадгүй эхэлж гурил гурилан бүтээгдэхүүний үнийг барих боломж бүрдэнэ гэж ХХААХҮ-ийн сайд мэдээллээ.
Цар тахлаас гадна Орос, Украины дайн хямралаас гарч чадаагүй эдийн засагтай орнуудад хүнд байдал үүсгэж эхэлсэн. Бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өсөж инфляци хоёр оронтой тоог даваад удаж байгаа энэ үед цаашид үнэ өсгөхгүй, хомсдол үүсгэхгүй байхад засгийн газар анхаарч байна гэлээ. Энэ хүрээнд өнөөдөр тариаланчдын гар дээр байгаа улаанбуудайг худалдан авах шйидвэр гаргаж улсын нөөц бүрдүүлэхээр болсон байна.
"Атрын 4" аяны хүрээнд эх орны хөрсөнд ургасан дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашдаа экспортолно гэсэн зорилт тавьсан. Энэ хүрээнд Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай ЗГ-ын тогтоол батлагдан гарчээ. Тодруулбал, хүнсний ногоо тариалагчдадаа анх удаа намрын ургацын дүнгээр стандартын шаардлага хангасан ил талбайн таримлууд дахь тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр болсон байна.
Малчдад зориулж 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргана
Үүнээс гадна хүлэмжийн аж ахуй эрхэлдэг ААН-үүдэд эрчим хүчний хөнгөлөлт үзүүлж цагийн хуваарь нь өөрчлөлт оруулжээ. Мөн малчдад зориулж, 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргахаар болсон байна.