Ахмад настны үндэсний төвийн асаргаанд 155 хүн байна 

Нийгэм

Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Ахмад настны үндэсний төвд ажиллалаа. Олон жил ахмадуудыг асарч сувилж байгаа энэ газрын нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудтай нь танилцлаа. Энэ төвд жил бүр олгодог төсвийн хэмжээг нэмэгдүүлэх, зам харилцааг нь сайжруулах, ахмадуудыг тээвэрлэх автобус зэргийг шийдэхэд гишүүд анхаарлаа хандуулахаар болж байна.

98 жилийн түүхтэй Ахмад настны үндэсний төвөөр өнөөдрийн байдлаар 150 гаруй ахмад настан үйлчлүүлж байна. Эдгээр ахмадын 50 гаруй нь асаргаа шаардлагатай, хэвтрийн хүмүүс бий. 2016 онд ахмадын асрамж шинэ байр ашиглалтад оруулж өнгөрсөн оноос эхлэн үйлчлүүлэгчдээ эрүүл мэндийн үзүүлэлтээр нь ангилан хоёр байранд байрлуулаад байна. Амьдрах орчин сайжирч, ая тухтай болсон учраас ахмадууд тав тухтай байгаагаа хуучиллаа. 

Ахмадын асрамжийн төвийн үйл ажиллагаа сайжирсан ч засч сайжруулах нэн шаардлагатай хэд хэдэн асуудал бийг албаныхан тайлбарлаж байна. Тухайлбал, хүнд өвчтэй, хэвтрийн өвчтнөө зөөхөд овон товон болсон зам, хэдэн арван жилийн нүүр үзсэн уурын зуух нь хэзээ мөдгүй гал алдахад хүрээд байгааг тэд учирлаж байна. 

АХМАДЫН АСРАМЖИЙН ТӨВД АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ХҮН ХОВОР БАЙНА 

Цаашид ахмадын асрамжийн төвийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх шаардлага бий. Япон болон БНСУ ахмадын асрамжийн байгууллага хамгийн өндөр түвшинд хүртэл хөгжиж чадсан орны тоонд багтдаг. Тиймээс асрамжийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг гадагш туршлага судлуулах, гадны туршлагаас дотооддоо нэвтрүүлэх, хүний нөөцийг олон улсын стандартад хүргэх зэрэг шийдвэрлэх олон асуудал бийг салбарын сайд онцолж байна. Тухайлбал төвийн хэмжээнд сэргээн засах ганцхан эмч сувилагчгүйгээр ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. 

Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд жилд 2 тэрбум гаруй төгрөг төсөвлөгддөг. Гэсэн ч энэ нь жил бүрийн урсгал зардлаасаа илүү гарч чаддаггүй гэж байна. Ирэх жил нэг хүнд ногдох үйлчилгээний зардлыг 42 хувиар нэмж байгааг төвийн удирдлагууд хэлж байна. Өндөр настанд чиглэсэн хуулийн зүйл заалт олон байдаг ч амьдрал дээр хэрэгжих нь хангалтгүй байдаг учраас цаашид хуулийг хэрэгжилтийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл, УИХ-ын гишүүд онцолж байлаа.