АНУ, Тусгаар тогтнолын баярын өдөр хүртэл иргэдийнхээ 70%-ийг вакцинжуулна

Ковид-19 /дэлхий/

АНУ-ын эрх баригчид хүн амаа вакцинжуулах ажлаа идэвхтэй явуулж байна. Цагаан ордны тэргүүн Жо Байдены мэдээлснээр Вашингтон ирэх 7-р сарын 4 буюу АНУ-ын Тусгаар тогтнолын баяраас өмнө хүн амынхаа насанд хүрсэн иргэдийн 70%-ийг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн Америкийн тэргүүн цар тахлын эсрэг вакцинд улсынхаа өсвөр насны иргэдийг хамруулахаар төлөвлөж байгаа талаараа мэдээлсэн байна. АНУ, ирэх 7-р сарын 4 гэхэд насанд хүрсэн 160 сая иргэнээ вакцинжуулалтад бүрэн хамруулна гэж тооцоолж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Америкт 105 сая хүн цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагдаад байна. Мөн түүнчлэн нийт насанд хүрсэн хүн амын 56% нь буюу ойролцоогоор 147 сая хүн эхний тун вакцинаа хийлгээд байгаа юм.  Жо Байден Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ хоёр сарын дараа болох Тусгаар Тогтнолын баяраар коронавирусээс ангижирч, зорилгодоо хүрэхийн төлөө тууштай ажиллах болно гэдгээ онцолсон байна. Хэрвээ өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадвал ирэх зунаас хэвийн амьдралдаа шилжих боломжтой болно гэж үзэж байна.