ДЭМБ, Африкийн улс орнуудад дэгдээд байгаа COVID-19 коронавирусний цоо шинэ хувилбар болох В.1.1.529 гэсэн код нэртэй вирусыг Грекийн цагаан толгойн үсгийн дарааллаар Омикрон гэж нэрлэн, энэ хувилбарыг “анхааралдаа авах” хувилбарын ангилалд багтаасан талаар Баасан гарагт мэдэгдлээ.
ДЭМБ-ын албаны мэдээлэлд “Энэ хувилбар нь маш олон мутацитай, одоогоор тодорхой болсон мэдээллээр дахин халдвар авах эрсдлийг нэмэгдүүлэх магадлалтай гэж үзсэн байна.
Цар тахлын Альфа, Бета, Дельта гэсэн хувилбаруудын араас Грекийн цагаан толгойн үсгийн дарааллаар Омикрон гэсэн нэр авсан шинэ хувилбарын талаар Өмнөд Африк улс 11-р сарын 24-нд ДЭМБ-д анх мэдээлжээ. Тэгвэл цар тахлын мутацид орсон шинэ хувилбар Африк тивийн улс орнуудад анх дэгдсэн ч богино хугацаанд Европ тив, Израиль улсад хүрчээ.
ДЭМБ-ын шинжээчдийн мэдээлж байгаагаар шинэ хувилбарыг хэр халдварлах чадвартай болохыг нь тогтооход цаг хугацаа шаардлагатай байгаа юм.
Цар тахлын шинэ вирусын талаар эрдэмтэд урьд урьдынхаас маш их онцлогтой вирус болохыг нь тэмдэглэж байна. Судлаачдын тэмдэглэж байгаагаар Омикрон гэх нэр авсан шинэ хувилбар нь маш олон удаагийн мутацид, тодруулбал бараг 30-50 удаагийн мутацид орж, шинж тэмдгээ өөрчилсөн болохыг тэмдэглэж байна. Шинжлэх ухаанд ийнхүү олон удаагийн мутацид орсон вирус халдварлах чадвар өндөртэй, мөн вакцинд тэсвэртэй байхыг үгүйсгэхгүй байгаа юм.
Омикрон вирус Африк тивийг орхин хэдийнэ Европ тивд хүрчээ. Европт шинэ хувилбараар халдварласан эхний тохиолдол Бельги улсад батлагджээ.
Улмаар ЕХ-ны Эрүүл мэндийн салбарынхан цар тахлын шинэ хувилбар илэрсэнтэй холбоотойгоор зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох талаар санал нэгдээд байна.
Омикрон вирус түүнчлэн Израильд бүртгэгдсэн учраас Израиль улс хилээ хаагаад байна. Түүнчлэн Ази тивд ч мөн хүрч, Хонконгод илэрчээ.
Омикрон хувилбарын хамгийн олон тохиолдол Африкийн Бостван улсад бүртгэгдээд байгаа юм. Улмаар дэлхийн улс орнууд Африк тивийн өмнөд хэсгийн улс орнуудаас ирэх, очих агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсоож хязгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.
Тухайлбал Их Британи улс Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Эсватини буюу Свазиленд, Лесото, Мозамбик, Малави, Бостван зэрэг орнуудаас ирэх нислэгийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байна. АНУ мөн эдгээр орнуудтай даваа гарагаас эхлэн зорчих хөдөлгөөнөө хязгаарлана гэдгээ мэдэгджээ.