Файзер компанийн шахмал эм нь Омикрон хувилбарын эсрэг маш сайн үйлчилж байна гэлээ

Ковид-19 /дэлхий/

Мягмар гарагт Америкийн эм үйлдвэрлэгч Файзер компанийн мэдэгдснээр, туршилтын шахмал эм нь дэлхий дахинд дэгдээд буй Омикрон хувилбарын эсрэг Ковид-19 халдварын эмчилгээнд маш сайн үр дүнтэй байгааг онцолжээ.

2,250 хүнийг хамруулсан тэдний судалгаагаар энэхүү эм нь эмзэг, өндөр эрсдэлтэй өвчтнүүдийн эмнэлэгт хэвтэх тохиолдол болон нас баралтыг 90 хувь бууруулсан байна. Коронавирусийн шинж тэмдэгтэй өвчтнүүдэд Файзерын эмийг 3-5 хоногт уулгасны дараах үр дүнгээр ийнхүү тогтоожээ.

Файзерын хэлж буйгаар лабораторийн туршилтад мөн энэ эм нь Омикрон хувилбарын эсрэг маш сайн үйлчилгээтэй болох нь тодорхой болсон гэнэ.

АНУ-ын Хүнс, эмийн захиргаа Файзерын шахмал эм болон Мерк компанийн өөр нэг эмийг эмчилгээнд хэрэглэх эсэх талаар удахгүй шийдвэр гаргах юм байна.

Мерк компанийн эмийн хувьд эмнэлэгт хэвтэх тохиолдол болон нас баралтыг одоогоор 30 хувь бууруулсан гэсэн судалгааг өнгөрсөн сард танилцуулжээ.

 

Эх сурвалж: VOA