ИТАЛИ: Тухайн хүн вакцинд хамрагдаагүй бол 5 хоногийн карантинд авахаар заажээ

Ковид-19 /дэлхий/

Италийн засгийн газар улс оронд нь сүүлийн өдрүүдэд цар тахлын дэгдэлт эрс нэмэгдэж байгаагаас коронавирустэй хийх тэмцлээ идэвхжүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн сургууль, цагдаа, зэвсэгт хүчин, яаралтай тусламжийн албанд ажиллагсдыг зайлшгүй вакцинд хамрагдах журам баталсан байна. 

Түүнчлэн Италид ЕХ-ны улс орнуудаас ирж байгаа хүмүүсээс ковидын шинжилгээ, вакцин хийлгэсэн бичиг заавал шаардах журам ч нэвтрүүлж байна. Хэрвээ тухайн хүн вакцинд хамрагдаагүй бол 5 хоногийн карантинд авахаар заажээ.

Коронавирусний шинэ хувилбар болох омикрон ЕХ-ны улс орнуудад эрчтэй дэгдэж байгаа учраас Европын улс орнууд омикрон вирусээс иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх тал дээр идэвхтэй ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Энэ зорилгоор ЕХ-ны зөвлөл тусгай хурал хийж, цаашид авах нэгдсэн арга алхмаа тодорхойлохоор төлөвлөж байна.