Дэлхийн улс орнуудад цар тахлын шинэ хувилбар болох омикрон эрчтэй дэгдсээр байна.
Цар тахлын улмаас дэлхийн олон улс оронд зул сарын баярын үеэр хөл хорио, локдаун тогтоож, агаарын нислэгүүд олноороо цуцлагдсан юм.
Францад ням гарагт цар тахлын 100 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Францад сүүлийн 3 өдөр дараалан коронавирусний дэгдэлт өндөр байгаа юм. Францын эрх баригчид өнөөдрөөс эхлэн вакцинд хамрагдаагүй иргэдийг шилжилт хөдөлгөөн хийх, гадны улс орноос хүлээн авахыг хориглох журам мөрдөж байна. Их Британид хүн амаа вакцинд хамруулах ажлыг сайтар зохион байгуулж, иргэдээ дархлаажуулалтад хамрагдахад уриалж байна. Шотланд, Уэльс, Умард Ирландад олон нийтийн газарт аюулгүй хэмжээнд зай барих, амны хаалт зүүх журам мөрдөж эхэлжээ. Португалид зул сарын баярын дараанаас ирэх 1-р сарын 9-нийг хүртэл бар, шөнийн клубуудыг хааж, иргэдээ боломжтой бол ажлаа гэрээсээ явуулахыг хүсч, нэг дор 10-аас дээш хүн цуглахыг хоригложээ. Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид цар тахлын тохиолдол эрс нэмэгдэж байгаагаас шалтгаалан хэдэн мянган хүнийг гэрийн тусгаарлалтад авчээ.