Европ тивд цар тахлын халдварын шинэ тохиолдол нэмэгдэж байгаа нь Орос, Турк, Румын, Их Британи улсад өвчлөл ихэсч байгаатай холбоотой байгаа юм. Европт коронавирусний халдвар сүүлийн сарын хугацаанд хамгийн өндөр байж, COVID-19-ийн халдвар өндөр байгаа макро-бүс болжээ.
Их Британид хоногт дунджаар цар тахлын 40 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Их Британийн засгийн газрын шинжлэх ухааны зөвлөх Жонатан Ван-Тамын мэдээлж байгаагаар улс оронд нь цар тахлын дэгдэлт ойрын хэдэн сард өндөр хувьтай байхаар байна. Тэрээр иргэд цар тахлын идэвхтэй үе ард үлдсэн гэж бодож байгаа нь эндүүрэлд хүргэж, болгоомж алдахад хүргэсэн. Тиймээс зул сарын баяраас өмнө цар тахлын дэгдэлтийг бууруулахын тулд эрүүл ахуйн журмаа чангатгах шаардлагатай байна гэжээ.
Румынд цар тахлын дэгдэлт нэмэгдэж байгаагаас эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, эхнээсээ ор хүрэлцэхгүй байх нөхцөл үүсч байна. Эмнэлгийн хүлээн авахад өдөр шөнөгүй цар тахал тусч, өвчин нь хүндэрсэн хүмүүс ирж байгаа юм. Энэ байдлаас шалтгаалан эмнэлэгт ор хүрэлцээгүй болж, хүчилтөрөгчийн баллоныг шууд зогсоол дээр машинд нь залгах тохиолдол элбэг байна.
Манай хойд хөрш ОХУ-д мөн коронавирусний халдвар нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрснээс нийслэл Москва болон Москва орчмын бүсэд хөл хорио, локдаун тогтоогоод байна. Оросод хоногт 40 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, нас барсан иргэдийн тоо мөн хоногт мянгаас дээш байгаа юм. Оросод сүүлийн 7 хоногийн туршид халдварын шинэ тохиолдлын тоо 5 дахь удаагаа дээд үзүүлэлтэд хүрчээ.