ДЭМБ-аас анхааруулга гаргаж, COVID-19 цар тахлын халдвар Европ тивд эрчимжиж, сүүлийн таван долоо хоногийн туршид дараалан өссөн үзүүлэлттэй байгааг тэмдэглэжээ. Энэ талаар ДЭМБ-ын Европ тивийг хариуцсан тэргүүн Ханс Клюге мэдэгдсэн байна.
ДЭМБ-ын мэдээлж байгаагаар өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа бүртгэгдсэн цар тахлын нийт халдварын 59% нь, мөн нас баралтын 48% нь Европ тивд оногдож байна. Ханс Клюге-гийн мэдэгдсэнээр COVID-19 коронавирусний халдвар Европ тивд эрчимтэй өсч, ингэхдээ нас баралтын 75% нь 65 ба түүнээс дээш насны, өндөр настай иргэдэд хамаарч байгааг анхааруулсан байна.
Түүнчлэн цар тахал тусч эмнэлэгт хэвтэх иргэдийн тоо 7 хоногийн өмнөхөөс дахин нэмэгджээ. Клюге Европын орнуудад цар тахлын халдварын тоо ийнхүү өссөнийг вакцинжуулах үйл явц тааруу, мөн нийгмийн хязгаарлалт, цар тахлын үеийн дүрэм журам суларсантай холбоотой гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар ЕХ-ны улс орнуудын нийт хүн амын 47% нь вакцинд хамрагджээ. Ингэхдээ улс орон бүрт дархлаажуулалтын үйл явц янз бүрийн түвшинд байгаа юм. Тухайлбал Баруун Европын орнуудад вакцинжуулалт хангалттай хэмжээнд байгаа бол Балтийн тэнгисийн орнууд, Төв болон Зүүн Европ, түүнчлэн Балканы орнуудад дархлаажуулалт тааруу хийгдэж байна.
ДЭМБ-аас мэдээлж байгаагаар Европт цар тахлын өвчлөл өнгөрсөн хугацаанд хамгийн их буюу 6%-иар, Америкт 3%-иар, Номхон далайн баруун бүсэд 2%-иар тус тус өссөн байна. Харин бусад улс орон, газар нутагт эсрэгээр буурчээ.