Удахгүй Өвлийн Олимпийн наадам зохион байгуулах гэж байгаа Хятад улс коронавирусний дэгдэлтэд ихэд болгоомжтой хандаж байна.
Манай урд хөршид мөн удахгүй цар тахлын шинэ хувилбарын дэгдэлтийг газар авхуулахгүйн тулд урьдчилан сэргийлэх арга алхам авч ажиллаж байна.
Хятадын 14 сая хүн амтай Тяньжин хот цар тахлын омикрон вирус дэгдэхээс болгоомжлон хүн амаа коронавирусний илрүүлэг тестэд хамруулж байна. Хотын эрх баригчид 48 цагт багтаан иргэдээ илрүүлэг тестэд хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Түүнчлэн Хятадын Хэнань мужийн Аньян хотод даваа гарагаас эхлэн иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг, хотоор хувийн унаатай зорчихгүй байх журам нэвтрүүлжээ. Аньян хот нь 5 сая хүн амтай хот юм.
Хятад улс цар тахлын эхний давалгааг хатуу хөл хорио, локдауны дэглэмийн тусламжтайгаар хохирол багатай даван туулсан.
Ирэх 2-р сард Хятадад “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадам зохион байгуулагдахаас гадна уламжлалт Цагаан сарын баярын өдрүүд тохиож байгаа учраас цар тахлын халдвараас сэргийлэх хот хоорондын шилжилт хөдөлгөөнийг эртнээс хязгаарлан, омикрон хувилбарын дэгдэлтээс сэргийлж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид Хэнань мужийн сая гаруй хүн амтай Юйчжоу хотын иргэдийг хөл хорионд авч, 13 сая хүн амтай Сиань хотод 3 дахь долоо хоногтоо карантины дэглэм мөрдөж байна.