ДЭМБ: Коронавирусний гарал үүслийн талаарх тайлан гаргалаа

Ковид-19 /дэлхий/
ДЭМБ-ын шинжээчдийн багийн COVID-19 коронавируст халдварын гарал үүсэл, хэрхэн дэгдэж, хэрхэн тархсан талаарх нэгдсэн тайлан илтгэл гарчээ.Хятадын Ухань хотоос гаралтай Sars-CoV-2 вирусыг амьтны захаас үүдэлтэй гэж үздэг ч магадгүй ямар нэгэн нууц лабораториос алдагдсан вирус гэж таамаглаж байсныг тайланд үгүйсгэсэн байна. COVID-19 коронавируст халдвар гэж сүүлд албан ёсоор нэрлэгдэх болсон вирус 2019 оны 12-р сард Хятадын Ухань хотод албан ёсоор бүртгэгдэж, өнөөдөр дэлхийн бараг бүхий л улс орон, газар нутагт тархаад байгаа юм.
COVID-19 коронавирусын гарал үүслийг тодорхойлох зорилгоор ДЭМБ-ын тусгай шинжээчдийн баг Хятадын Ухань хотод ажилласан. Тэдний ажлын албан ёсны тайланг өнөөдөр танилцуулж байгаа юм. Тэгвэл урьдчилсан байдлаар тайланд вирус ямар замаар дамжин амьтнаас хүнд халдварласныг, мөн магадгүй хөлдөөсөн хоол хүнсээр дамжин халдварласан байж болохыг цаашид нягтлан судлах нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан байна.

Харин коронавирус ямар нэгэн лабораториор дамжин халдварласан гэх таамгийг мэргэжилтнүүд одоогоор үгүйсгэж байна.

Шинжээчдийн багийн тодруулснаар Ухань хотод вирусийг оношлох, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх болон хүн амыг вакцинжуулах чиглэлийн нийт 3 лаборатори байгааг тайландаа тусгажээ.

Гэхдээ эдгээр лабораториуд нь цар тахлын дэгдэлтэд ямар ч холбогдолгүй, мэргэжлийн өндөр түвшний орчин үеийн лаборатори болохыг онцолжээ. Түүнчлэн шинжээчдийн багийнхан вирусын гарал үүслийг зоонозын түвшинд цаашид илүүтэй судлахыг зөвлөсөн байна.