Орос, Америкийн нисгэгчид сансарт бараг нэг жил ажиллаад эх дэлхийдээ эргэн ирлээ

Технологи-360

ОУСС дээр ажиллаж байсан Оросын сансрын нисэгч Пётр Дубров, Антон Шкаплеров болон Америкийн астронавт Марк Ванде Хай нар эх дэлхийдээ эргэн иржээ. Тэд сансрын уудамд бараг жил ажиллаад Оросын Союз сансрын хөлгөөр эх дэлхийдээ эргэн ирсэн юм.

Сансрын уудамд бараг жилийн хугацаанд мөр зэрэгцэн ажиллаж байгаад ирсэн сансрын нисэгчдийг эх дэлхийдээ эзгүй байх хооронд Орос-Америкийн харилцаа холбоо маш ихээр өөрчлөгджээ.

Оросын тал Украин руу халдсанаас шалтгаалан Барууны орнууд Оросын эсрэг, тэр дундаа сансрын салбарын эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Тэгвэл энэхүү хоригоос шалтгаалан Роскосмос Америкийн астронавтыг дэлхий рүү өөрийн Союз хөлгөөр авч ирэхээс татгалзсан мэтээр буруу мэдээлэл явсныг Оросын тал үгүйсгэж, Америкийн сансрын нисэгч ямар ч асуудалгүйгээр эх дэлхийдээ эргэн ирж, эх орондоо буцах болно гэдгийг батлан мэдэгджээ.

Оросын Союз-МС-19 сансрын хөлөг ОУСС-аас салж, Казахстаны цөл газарт, Жезказган хотоос зүүн өмнөд хэсэгт 147 км зайтай газарт зөөлөн газардсан байна.

Америкийн астронавт Марк Ванде Хай ОУСС дээр нийтдээ 355 хоног ажиллан, НАСА-ийн түүхэнд сансрын уудамд хамгийн урт удаан хугацаанд ажилласан сансрын нисэгч болж дээд амжилт тогтоожээ.

Марк Ванде Хайн хувьд тэрээр сансрын уудамд 2 дахь удаагаа зорчоод ирсэн юм. Анх тэрээр Союз МС-18 хөлгийн борт-инженерийн хувиар нисч байжээ. Одоогоор тэрээр Оросын Союз хөлгөөр ОУСС руу зорчоод ирсэн Америкийн сүүлийн астронавт болоод байна. НАСА цаашдаа ОУСС руу хийх нислэгтээ Спейс Икс компанийн Crew Dragon хөлгийг ашиглах болно гэдгээ мэдэгдээд байгаа юм.