Энэтхэгийн Мэдээлэл, харилцаа холбооны яамнаас улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, олон нийтийн эрх ашигт харшлах мэдээлэл түгээсэн гэх үндэслэлээр YouTube-ийн 22 сувгийг хааж байгаагаа мэдэгдлээ.
Үзэгчдийг төөрөлдүүлэх худал мэдээлэл түгээсэн гэх шалтгаанаар блоклогдсон 22 сувгийн дөрөв нь Пакистанд төвтэй байсан байна. Үүний зэрэгцээ гурван Твиттер аккаунт, нэг Фэйсбүүк хаяг, нэг мэдээний вэбсайтын эрхийг хязгаарлажээ.
Энэтхэг улсын ЗГ өнгөрсөн оны хоёрдугаар сард мэдээллийн технологийн шинэ журмыг олон нийтэд танилцуулсан, энэ хүрээнд YouTube платформд суурилсан мэдээний сувгуудын эсрэг авч байгаа эхний арга хэмжээ гэнэ. Энэтхэг улс олон нийтийг худал мэдээлэл, аюул заналхийлэл, айдас хүйдсээр булахуйц ямар ч мэдээллийг түгээж болохгүйг захирамждаа тусгаснаа олон нийтэд танилцуулсан юм.