Андройд утсан дээр суугдаж ирдэг зарим аппликейшн нь тагнуул хийж магадгүй 

Технологи-360

Андройд утсан дээр урьдчилан суугдсан программууд нь хэрэглэгчийн өгөгдлийг Гүүгл рүүгээ нууцаар илгээдэг талаар Ирландын нэгэн профессор мэдээлэл цацжээ.

Гүүглийн зүгээс Андройд төрлийн аппликейшнүүд өөрийнх нь хэрэглэгчдийг тагнаж чагнахаас сэргийлж Play Store-доо байнга сайжруулалт хийдэг.  Харин саяхны нэгэн судалгааны тайланд Гүүглийн өөрийнх нь аппликейшнүүд хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, хайлтын аварга том систем рүүгээ эргээд илгээдэг талаар дурдсан байна.

Дублины Тринити коллежийн компьютерын шинжлэх ухааны профессор Douglas Leith-ийн гаргасан шинэ судалгааны материалд, Googles Messages болон Google Dialer нь хэрэглэгчид хоорондын харилцааны талаарх бүх өгөгдлийг Google Play Services Clearcut logger service, мөн Google-ийн Firebase Analytics service рүү явуулдаг талаар дэлгэсэн байна.

Google Messages-ээс илгээсэн энэ өгөгдөлд илгээгч, хүлээн авагчийг холбодог мессеж текстийн файл багтсан бол Google Dialer-аас илгээсэнд нь утасны дугаараас гадна дуудлага хийсэн цаг, ярьсан нийт минутын мэдээллийг агуулсан байна.

Одоогоор хамгийн төвөгтэй зүйл нь гэвэл дэлхий даяар Хуавэй, Самсунг, Зиаоми болон бусад ухаалаг утас үйлдвэрлэгчийн гаргадаг 3 тэрбум Андройд утаснуудад энэхүү Google messages болон Google Dialer урьдчилсан суулгасан байдаг юм.