ТЕХНОЛОГИ-360: Сингапур далайн ус цэвэршүүлэх 5 дахь үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Технологи-360

Сингапур улсын ундны усны хэрэгцээний долоон хувийг хангах чадалтай тав дахь цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо. Тус үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа цар тахлын улмаас сүүлийн бараг хоёр жил хойшлоод  байсан юм.

Журонг арал дээр нээлтээ хийсэн энэ үйлдвэр нь одоогийн байгаа инженерийн байгууламж бүхий дэд бүтцийг түшиглэсэн учраас ердийн үйлдвэрүүдтэй харьцуулахад эрчим хүчний хэмнэлт нь 5 хувиар илүү юм байна. Өөрөөр хэлбэл, хуучин цогцолбор дахь яндангийн уур хөргөлтийг ашигласан учраас 1000 айлд шаардлагатай цахилгаан эрчим хүчийг хэмнэх боломжтой болжээ. 

Мөн өдөр бүр далайгаас гучин сая галлон буюу Олимпын 55 усан бассейн дүүргэх хэмжээний цэвэр ус цэвэршүүлэх чадалтай юм байна. Хөл бөмбөгийн таван талбайтай тэнцэх 3.7 га бүхий автоматжуулсан үйлдвэрийг удирдлагын мастер өрөөнөөс ердөө гурван хүн удирддаг. Тэд усны дээж цуглуулах, чанар шалгах гэсэн 70 гаруй багажийг алсаас ажиллуулдаг байна.

Сингапурын усны хэрэгцээний 50 хувийг импортоор хангадаг. Үлдсэн хувийг бохир ус,  далайн усыг давсгүйжүүлэн цэвэршүүлдэг, харьцангуй их эрчим хүч шаарддаг учир тул өртгийн хувьд хямд бус,  байдаг. Иймд усны салбарын судлаачидтай хамтран эрчим хүчний хэрэглээг бууруулах шинэ технологиудыг идэвхтэй туршиж байгаа юм. Цаашдаа 2025 он гэхэд давсгүйжүүлсэн ус үйлдвэрлэх эрчим хүчийг 40 гаруй хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Шадар сайд үйлдвэрийн нээлтийн үеэр, Журонг арлын үйлдвэр нь Сингапурын усны тогтвортой байдлын замналд чухал бүтээн байгуулаалт боллоо гэж онцолжээ.