АНУ-д “ransomware” цахим халдлагын улмаас тракторын борлуулалт зогсонги байдалд оржээ

Технологи-360

Тариалалтын улирал ирсэн энэ үед АНУ-ын томоохон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч AGCO групп "ransomware" халдлагад өртөж тракторын борлуулалт сааталд ороод байна.

AGCO Corp-ийн мэдээлж байгаагаар, ransomware халдлага нь зарим үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлж тракторын борлуулалт зогссон байна. Энэ байдал нь хэдэн хоног, магадгүй удаан үргэлжилж магадгүй гэнэ. Теннесси муж дахь B&G Equipment Inc компанийн ерөнхийлөгч Тим Браннон Пүрэв гарагийн өглөөнөөс хойш AGCO-ийн вэбсайт руу орж эд анги захиалах, хайх боломжгүй байгаа талаар Ройтерс агентлагт ярьжээ. "Бидний хувьд жилийн хамгийн завгүй чухал үе ирээд байна. Энэ хүндрэл хурдан дуусаасай гэж найдаж байна. Тэгэхгүй бол манай бизнес болон үйлчлүүлэгчдийн хувьд нэлээд хохирол дагуулах болно" гэж Браннон хэлжээ.

AGCO групп нь Хойд Америкт 1,810 дилер борлуулагчтай, мөн дэлхийн 42 байршилд трактор, комбайн борлуулж, бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэж, угсардаг юм. Сүүлийн жилүүдэд АНУ-ын хүнс, түлшний компаниуд, тэр дундаа Colonial Pipeline-ийн газрын тосны сүлжээ, мах боловсруулах компани JBS "Ransomware" халдлагад өртсөн юм.