Дэлхийн улс орнууд Афганистаны дүрвэгсдийг хэрхэх асуудлаар хэлэлцэж байна

Үйл явдал

Дэлхийн улс орнууд дэлхийн халуун цэг болоод байгаа Афганистанд үүсээд байгаа улс төрийн хямралын улмаар эх орноосоо дүрвэн зугтаж байгаа иргэдийг хэрхэх асуудлаар хэлэлцэж байна. Афганистаны дотоодын үймээн самуун, тогтворгүй байдлаас зугтаж байгаа иргэд гадны улс орнууд руу олноороо дүрвэн зугтаж байгаа юм.

Австрийн канцлер Себастьян Курц цаашид Афганистанаас нэмж дүрвэгч цагаач хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр өөрийн твиттер хуудсан дээрээ Афганистанд үүсээд байгаа нөхцөл байдал хүнд хэцүү байгаа ч бид 2015 онд үүссэн хүмүүнлэгийн гамшгийг давтах учиргүй. Тиймээс Афганистантай хил залгаа улс орнууд руу дүрвэгсдийг чиглүүлж, шаардлагатай дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 2015 онд Австри улс Афганистаны 44 мянган дүрвэгч хүлээн авсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Афганистаны дүрвэгсдийг Төв Азийн улс орнууд руу илгээхийг завдаж байгааг эсэргүүцэж байна. Дүрвэгч цагаач нэрээр үнэн хэрэгтээ Афганистанаас өнөөдөр ямар хүмүүс гарч зугтаж байгааг таамаглах аргагүй, тиймээс дүрвэгсдийн урсгалд зохицуулалт хэрэгтэй гэж үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Грекийн цагаачлалын асуудал хариуцсан сайд Нотис Мита-ракис мэдэгдэл хийж, ЕХ дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулах цаг ирсэн, Европыг чиглэн дүрвэгсдийн урсгал Грек, Кипр, Турк зэрэг орноор дамжиж байгаа нь улс орнуудын үүрэх үүрэг хариуцлагыг харилцан адилгүй байлгаж байгаад гомдолложээ. НҮБ-ын мэдээлж байгаагаар Афганистанаас өнөөдөр дүрвэн зугтаж байгаа иргэдийн бараг 90%-ийг Пакистан, Иран зэрэг орнууд хүлээн авч байна.