Уулын Карабахын зэвсэгт мөргөлдөөний үеэр амиа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэлээ

Үйл явдал

Уулын Карабахын бүс нутагт 2020 оны намар, тодруулбал 9-р сарын 27-нд эхэлсэн зэвсэгт мөргөлдөөнд амиа алдагсдын дурсгалыг нэхэн дурсчээ.

Уулын Карабахын хямралын нэг жилийн ойг угтан Армян улсад гашуудлын ёслол болж, бүс  нутгийн зэвсэгт мөргөлдөөний үеэр амиа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураажээ. 

Армяны нийслэл Ереван хотод Уулын Карабахын зэвсэгт мөргөлдөөний ойг нэхэн дурсч, энэ улсын иргэд гашуудлын жагсаал зохион байгуулжээ. Жагсаалд оролцогсод гартаа галт бамбар, лаа барин хотын төв гудамжаар жагсч, “Ераблур” цэргийн оршуулгын газар тийг жагсаалаараа явжээ.

Чухам энд Уулын Карабахын зэвсэгт мөргөлдөөний үеэр амиа алдсан Армяны цэргүүдийг нутаглуулсан юм.

Армян-Азербайжаны газар нутгийн маргаантай бүс болох Уулын Карабахд жилийн өмнө дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн 44 хоног үргэлжилж, сөргөлдөгч талуудын хооронд Оросын талын энхийн зуучлалаар гал зогсоох хэлэлцээр байгуулснаар намжсан юм.