Украины зүүн хэсэгт дайн тулаан үргэлжилж байна. Орон нутгийн эрх баригчдынх нь мэдээлж байгаагаар Оросын цэргийнхэний халдлагад 20-иод хот суурин газар, тэр дундаа Северодонецк өртөн, хотод гудамжны тулаан үргэлжилсээр байна.
Украины Северодонецк хотыг Оросын цэргийнхэний бүрэн хяналтанд орсон гэж мэдээлж байсан ч хотод буун дуу сонсогдсоор байгаа гэнэ. Мөн саяхныг хүртэл тайван байсан Харьков хотын захын дүүргүүдэд мөн буун дуу, дэлбэрэх чимээ сонсогдож байгаа юм.
Оросын тал Украинтай залгаа Курскийн бүс нутаг руу хилийн талаас гал нээж байгаа талаар мэдэгджээ. Оросын Батлан хамгаалах яамны мэдээллээр Украины армийн хүн хүч, цэргийн хүч төвлөрсөн цэгүүд рүү цохилт дайралт өгч, хэрвээ Барууны орнууд Киевийг зэр зэвсгээр хангасаар байвал дайралтаа, зорилтот цэгүүдээ өргөжүүлсээр байх болно гэдгээ анхааруулжээ. Тэгвэл энэ хооронд Украины тал Францаас 50 км-ийн алсад тусах чадвартай Сезар зэвсэг хүлээн авсан байна. Мөн ойрын үед Америк болон Их Британийн талууд 80-100 км-ийн тусгалтай систем нийлүүлэхээр амлажээ.