Үйл явдал
НҮБ, дэлхийн улс орнуудад цар тахал болон дэгдсэн COVID-19 коронавирусын халдвар улс орнуудын хөгжлийг 10 жилээр арагш татах болно гэж үзэж байна. Энэ талаар цар тахалтай холбоотой тогтвортой хөгжлийн талаарх НҮБ-ын 2021 оны тусгай тайланд дурьджээ.
НҮБ-ын тайланд цар тахлын үеийг даван туулахын тулд улс орнуудын зарцуулж байгаа хөрөнгө мөнгө, эдийн засгийн сөрөг үр дагаврыг давах хүчин чармайлт, мөн хүн амаа коронавируст халдвараас сэргийлэх, дархлаажуулахын тулд вакцин худалдан авахад зарцуулж байгаа хөрөнгө мөнгө зэргийг оруулан тооцжээ.

Улмаар эндээс гарсан нэгдсэн дүгнэлт нь цар тахлаас шалтгаалан дэлхийн улс орнууд хөгжлийн хурдаа сааруулж, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг10 жилээр хойш татах нь тодорхой байгаа юм. НҮБ түүнчлэн цар тахлын халдварын улмаас дэлхийн эдийн засаг сүүлийн 90 гаруй жилд хамгийн томоохон уналттай нүүр тулгарсныг тэмдэглэж байна.

Цар тахалтай холбоотой эдийн засгийн хямралын улмаас дэлхий даяар 114 сая хүн ажлын байргүй хоцорч, 120 сая хүний амьдралын түвшин буурч, ядуурлын хувь хэмжээ нэмэгджээ.

Түүнчлэн улс орнууд 16 их наяд долларыг эдийн засгаа дэмжихэд зарцуулсны 20%-ийг нь хөгжиж байгаа улс орнууд эзэлж байна. НҮБ-ын үзэж байгаагаар цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг сүүлийн 100 жил дэх хамгийн хүнд хямралыг даван туулж байгааг тэмдэглэн, сая сая хүн өлсгөлөн гуйланчлалд автаж болзошгүй гэж үзэж байна.