Үйл явдал
Египтийн нутаг дэвсгэрт байрлах Суэцийн суваг нь Синайн хойгт байрлах, Ази-Европыг холбосон, тухайлбал Газрын Дундад тэнгисийн Порт Суэйд болон Улаан тэнгисийн Суэцийн боомтыг холбосон томоохон хиймэл усан зам, суваг юм. Нийтдээ 163 км урттай энэ суваг хамгийн нарийн хэсэгтээ 300 метр өргөн. Жилд энэ сувгаар 24 мянган усан онгоц нэвтрэх хүчин чадалтай юм. Тэгвэл Эвер Гивен чингэлэг зөөгч ачааны хөлөг Суэцийн сувагт нийтдээ 6 хоног саатсанаас шалтгаалан 400-аад хөлөг онгоц аялалаа үргэлжлүүлэх боломжгүй болон гацаж, их хэмжээний хор хохирол учруулжээ.

Суэцийн сувгаар усан замаар хийгддэг дэлхийн нийт бараа эргэлтийн 13% нь нэвтэрдэг юм. Шинжээчдийн тооцоолж байгаагаар Эвер Гивен чингэлэг зөөгч ачааны хөлөг Суэцийн сувагт хайргадан гацсанаас шалтгаалан бараг 200 тэрбум долларын эдийн засгийн хор хохирол учирчээ.

Малайзаас Нидерландыг чиглэн Панамын туг далбаан дор усан тээвэр хийж байсан Эвер Гивен хөлөг Суэцийн сувагт гацсанаас дэлхийн хамгийн том, гол усан тээврийн зам олон хоногийн туршид зогсонги байдалд орсон юм. Хэдийгээр Эвэр Гивен хөлгийг гацаанаас нь гаргасан ч Суэцийн сувгийн үйл ажиллагааг бүрэн сэргээхэд хичнээн хоног шаардлагатай нь тодорхойгүй байна.

Суэцийн сувгийг хариуцагч Египтийн компани л гэхэд энэ хугацаанд 95 сая долларын алдагдал хүлээжээ. Харин Суэцийн суваг хаагдсанаас хөлөг онгоцнууд илүү тойруу замаар буюу Итгэл найдварын хошуугаар тойрч аялалаа үргэлжлүүлэх шаардлагатай болж, тойруу замаар усан тээвэр хийхэд дор хаяж 400 мянган долларын түлш илүү хэрэглэх шаардлагатай болжээ. Түүнчлэн Суэцийн суваг хаагдсанаас шалтгаалан нийлүүлэлт зогсч, дэлхийн таваарын бирж дээр газрын тосны үнэ ханш өссөн юм.