Украины ерөнхийлөгч В. Зеленский ЕХ-ны удирдагчдаас нэмэлт зэвсэг хүслээ

Улс төр

Пүрэв гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын түрэмгийллээс хойш 2 дахь удаагийн гадаад айлчлалаараа ЕХ-ны удирдагчидтай Брюссельд уулзаж, нэмэлт зэвсэг, байлдааны сөнөөгч онгоц нийлүүлэхийг хүслээ.

Мөн Украиныг ЕХ-д элсүүлэх яриа хэлэлцээг хурдан эхлүүлэхийг уриалсан байна. Дайны улмаас Зеленский эх орноосоо бараг гардаггүй, тиймээс түүний энэхүү айлчлалын гол зорилго нь үр дүнд хүрэх гэж Украины албаны хүн мэдээлжээ. 

ЕХ-д хандаж хэлсэн үгэндээ Зеленский, эрх чөлөөт Украингүйгээр эрх чөлөөтэй Европыг төсөөлшгүй гэж мэдэгдсэн байна. Дээд хэмжээний уулзалтын дараагаар Зеленский, хэд хэдэн Европын удирдагч Киевт нисэх онгоц нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Хэрвээ энэ нь үнэн бол, барууны орнуудын Украинд үзүүлэх дэмжлэгийн хамгийн том өөрчлөлтүүдийн нэг болох юм. Холбооны 27 удирдагчидтай нүүр тулан уулзсан анхны уулзалтаараа Зеленский яг аль орнууд сөнөөгч онгоц нийлүүлэхийг дурдсангүй, зарим яриа хэлэлцээ үргэлжилж байгаа, заримыг нь олон нийтэд зарлах боломжгүй гэж нэмж хэллээ. ЕХ-ны хэд хэдэн удирдагч байлдааны нисэх онгоцны тухай шийдвэр нь хамтынх байх болно гэж онцолсон, зарим нь мэтгэлцээнийг олны нүдэнд явуулахгүй байхыг эрмэлзэж байгаа юм. Их Британи урт хугацаанд тийрэлтэт онгоц нийлүүлэх шийдвэр гараагүй байгаа ч, Украины нисгэгчдэд сургалт явуулна гэж мэдэгдсэн байна. Харин Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий, улс нь зөвхөн НАТО-гийн хүрээнд шийдвэрүүд гаргах боломжтой гэж мэдэгдсэн бол, Нидерландын ЕС Марк Рютте энэ асуудлыг хаалттай хэлэлцэх ёстой гэж мэдэгджээ.  Пүрэв гарагт Кремлиэс хийсэн мэдэгдэлд, мөргөлдөөнд барууны орнуудын шууд болон шууд бус оролцооны ялгаа, зааг байхгүй болж байгааг анхааруулсан байна. 

Европын Парламентад хандан хэлсэн үгэндээ, Зеленский Украиныг ЕХ-той холбож олон удаа үг хэлсэн. Украин Холбоонд элсэх хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд нэгдэн ороход олон жилийн хугацаа шаардагддаг үйл явцыг хурдасгахыг удирдагчдаас шаардаж байна. Тэрээр Европын Парламентад хандан: Украин ЕХ-ны гишүүн болно. Украин Европын хамт Оросоос өөрсдийгөө хамгаалж байна гэж хэлсэн байна. Энэ үгийг Холбооны удирдагчидтай хийсэн уулзалт дээр мөн давтжээ.