Европын улс орнууд удахгүй болох зул сарын баярыг ямар нэгэн хязгаарлалт, хөл хорион дунд өнгөрүүлэхгүйн тулд одооноос хичээж байна.
COVID-19 цар тахлын халдварын дэгдэлт өндөр байгаа улс орнуудад иргэдээ вакциндаа идэвхтэй хамрагдахыг хүсч байна. Түүнчлэн Европын орнууд бустер тунгаа хийлгүүлэхийг ч уриалж байгаа юм.
Их Британи улс ирэх зул сарын баярыг ямарваа хөл хорио, хязгаарлалтгүй өнгөрүүлэхийг хүсч, улсынхаа иргэдийг шинэ оны баяраас өмнө бустер буюу 3 дахь тун вакциндаа хамрагдахыг хүсч байна. Эхний ээлжинд бустер тунг эрсдэлтэй бүлгийн хүмүүст хийж байсан бол Лондон цаашид нийт иргэдээ хамруулахаар төлөвлөж байгаа юм.
Оросод сүүлийн 7 хоногт коронавирусний халдварын тоо огцом өсч, 6 муж тойрогт хязгаарлалтын журмыг сунган мөрдөж байна. Өнөөдөр манай хойд хөршид нийт насанд хүрсэн хүн амын 42% нь вакциндаа бүрэн хамрагджээ. ЕХ-нд энэ үзүүлэлт 75%-тай байгаа юм.
Тэгвэл Румынд энэ хооронд сурагчид хичээл сургуульдаа эргэн орж байна. Гэхдээ тухайн сургуулийн багш ажилтнуудын 60-аас дээш хувь вакцинд хамрагдсан тохиолдолд хичээл сургуулийг нь эхлүүлэхээр заажээ.