ЕХ-ны улс орнуудад цар тахлын халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна.
Европын зарим улс оронд цар тахлын дэгдэлт эрчимжиж, 4, 5 дахь давалгаа дэгдсэнтэй холбоотойгоор локдаун, хөл хорионы журмыг дахин нэвтрүүлж байгаа юм.
Австри улсад 5-11 насны хүүхдүүдийг Пфайзер нэрийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ. Түүнчлэн үүнтэй зэрэгцээд Австрид цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдэд зориулсан хөл хорио, хязгаарлалтын журам мөрдөгдөж эхэлсэн байна.
Герман улсад өнөөдрийн байдлаар цар тахлын халдвар нь хүндэрсэн 3 мянга гаруй хүн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Германд COVID-19 коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч байгаагаас музей, ресторан, кинотеатр, усан сан зэрэгт вакцин хийлгээгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар журам тогтоожээ.
Их Британид даваа гарагаас эхлэн 40-өөс дээш насны иргэдийг бустер буюу 3 дахь нэмэлт тун вакцин хамруулахаар болсон бол 16-17 насны өсвөр насныханд 2 дахь тун вакцин хийж эхэлсэн байна. Францад 6-11 насны хүүхдүүд хичээл сургуульдаа заавал амны хаалт зүүх ёстой болжээ.