ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин COVID-19 коронавирусний эсрэг нэмэлт буюу 3 дахь тун вакциндаа хамрагджээ. Владимир Путин цар тахлын халдвараас сэргийлэх нэмэлт тунгаа Спутник Лайт вакцин тариулан хийлгэсэн байна.
Путин коронавирусний эсрэг нэмэлт тунд хамрагдсан тухайгаа Оросын Тархвар судлал, микробиологийн төвийн орлогч дарга Денис Логуновыг хүлээн авч уулзах үеэрээ мэдээлжээ. Тэд уулзалтын үеэр удахгүй хойд хөршид нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа цар тахлын эсрэг хамрын цацлага хэлбэрээр бүтээж байгаа шинэ вакцины туршилтын үйл явцын талаар хэлэлцсэн байна.
Путин энэхүү шинэ вакцины туршилтад сайн дураараа оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Өнөөдрийн байдлаар Оросод 50 сая гаруй хүн, мөн дэлхийн улс орнуудад 120 сая гаруй хүн Оросод бүтээсэн Спутник лайт вакцинд хамрагдаад байгаа юм.