Австрали улс ирэх сараас эхлэн гадны оюутнууд, мөн ажлын байрны эрэлт хэрэгцээнд тохирсон ур чадвартай гадны ажиллах хүчинд зориулан улсынхаа хилийг нээхээр болжээ. 12-р сарын 1-нээс эхлэн Австрали улс шинэ он гартал гаднаас оюутны болон ажлын визээр 200 гаруй мянган хүн хүлээн авна гэж тооцож байна.
Австралийн эрх баригчид энэ талаар мэдэгдэн, зохих шийдвэрээ гаргажээ. Ингэснээр Австрали улсад суралцаж байгаа гадаадын оюутнууд хичээл сургуульдаа хамрагдах боломжтой болох юм.
Австралийн ерөнхий сайд Скотт Моррисоны мэдээлснээр улс орон нь цар тахлын үеийн хатуу дүрэм журмаа зөөллөж, аажмаар хэвийн амьдралдаа эргэн орох Засгийн газрын үндэсний төлөвлөгөөний дагуу дээрх шийдвэрийг гаргажээ.
Энэ дагуу 12-р сарын 1-нээс эхлэн цар тахлын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан, хүчин төгөлдөр визтэй гадаадын оюутнууд, мөн ажлын байрны хэрэгцээ шаардлагын дагуу гадны ур чадвартай мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүчийг ажлын визээр нэвтрүүлэхээр болжээ.