Шинэ коронавирусний хувилбар дэгдсэнтэй холбогдуулан Европын Холбоо нь Өмнөд Африкаас ирэх нислэгүүдэд хязгаарлалт тогтоосон бол үүнд мөн АНУ нэгдлээ.
АНУ нь Өмнөд Африк болон бусад өмнөд Африкийн орнуудаас ирэх аялал жуулчлал, нислэгүүдийг хязгаарлахаар боллоо.
Ирэх Даваа гарагаас эхлэн АНУ зөвхөн өөрийн иргэд болон оршин суугчдаа тус газраас хүлээн авахыг зөвшөөрөх гэнэ.
Европын Холбоо, Их Британи мөн адил арга хэмжээ аль хэдийнэ аваад эхэлсэн. Канад мөн орж ирэх олон улсын нислэгтээ өөрчлөлт хязгаарлалт хийж байна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) шинэ хувилбарыг "Омикрон" гэж зарласан.
АНУ-ын албаныхан Өмнөд Африк, Ботсвана, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави зэрэг орнуудад хязгаарлалт хийжээ.
Канад мөн Өмнөд Африк, Намиби, Лесото, Ботсвана, Эсватини, Зимбабве, Мозамбикт ойрын хугацаанд байсан гадаадын аялагчдыг хүлээж авахгүй. Хэрэв сүүлийн 14 хоног эдгээр 7 оронд байсан бол хил хаалттай байх юм байна.
Омикрон хувилбар дээрх орнуудад илэрсэн талаар анх ДЭМБ-д 11 сарын 24-нд мэдээлжээ.
Харин Өмнөд Африкийн Эрүүл мэндийн яамнаас аялал жуулчлалын хязгаарлалт яаран ийнхүү хийсэнд шүүмжлэлтэй хандаж байна.
Эрдэмтдийн хэлж байгаагаар коронавирусний энэ шинэ мутацийн талаар илүү сайн судалж мэдэх хэрэгтэй, шинэ хувилбарын нөлөөг тодорхойлоход хэдэн долоо хоног болох гэнэ.
Баасан гарагт ДЭМБ-аас мэдээлж буйгаар урьдчилсан байдлаар энэ шинэ хувилбар нь бусад хувилбараас илүү халдварлуулах өндөр эрсдэлтэй юм байна.
Эрдэмтэд "хамгийн хүнд хэлбэрийн мутацилагдсан хувилбар" гэж тодорхойлон, Уханиас анх илэрсэн вируст зориулсан ковид-вакцин үр дүнгүй байх магадлалтай гэжээ.
Одоогоор 100 орчим тохиолдол голдуу Өмнөд Африкт батлагдсан, мөн Хонконг, Израил, Ботсвана, Бельгид илрээд байна.
Өмнөд Африкт илэрсэн тохиолдлуудын ихэнх нь хүн ам хамгийн их суурьшсан Гаутенгт батлагджээ.
Эх сурвалж: BBC