Францаас Их Британийг зорих замд 30-аад цагаач, дүрвэгч усанд живж амиа алджээ

Үйл явдал

Францаас Их Британийг зорих замд, Ла Маншийн хоолойд гадны 30-аад цагаач, дүрвэгч усанд живж, амиа алджээ. Дүрвэгсдийн сууж явсан завь Ла Маншийн хоолойн Кале дүүргийн орчимд усанд живсэн байна. 

Осолдсон завин дээр 50-иад хүн явж байжээ. Аврагчид усанд живж, сураггүй алга болсон үлдсэн хүмүүсийг эрж хайх ажил явуулж байна. Дюнкерк боомтын прокурорын алба “санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй хүний амь насанд хүрсэн” хэргийн дагуу мөрдөн шалгах ажил явуулж эхэлжээ.

Лхагва гарагийн орой Калед Францын дотоод хэргийн сайд Жеральд Дарманен ирж, ослын нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна. Тэрээр хүмүүсийн амь нас хохирсонд харамсч байгаагаа илэрхийлэн, гадны цагаач дүрвэгсдийн амь насыг эрсдэлд оруулан улс хооронд зөөвөрлөж байгаа контрабандын хэрэгтэй тууштай тэмцэх болно гэжээ.

Британийн засгийн газрын тэргүүн мөн Ла Маншийн хоолойд болсон хэрэг явдалд харамсч байгаагаа илэрхийлэн, далай тэнгисээр завь хөлөг онгоцоор даац хэтрүүлэн, хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулан зөөвөрлөж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох нь зүйтэй гэжээ. Борис Жонсон ийнхүү мэдэгдэхдээ цаашид нөхцөл байдлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө хүч зарах болно гэдгээ ч мэдэгдсэн байна. Дүрвэгсдийн асуудал хариуцсан олон улсын байгууллагын мэдэгдэж байгаагаар Ла Маншийн хоолойд болсон сүүлийн осол 2014 оноос хойшхи хамгийн томоохон осол болохыг онцолжээ.