Интерполын тэргүүнээр Ахмед Нассер Аль Раисиг сонголоо

Үйл явдал

Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполын тэргүүнээр Арабын Нэгдсэн Эмиратын дотоод хэргийн яамны хошууч-генерал Ахмед Нассер аль Раисиг сонгожээ.

Тэгвэл генерал аль Раисиг Интерполын тэргүүнээр сонгосонд хууль эрхийн байгууллагынхан болон Европын улс төрчид таагүй ханджээ. Учир нь Арабын Эмиратын генерал эх орондоо бусдыг хүчирхийлэлд автуулан, улс төрийн сөргөлдөгчдөө хорлосон хэрэгт холбоотой юм. 

Түүнчлэн Аль Раисигийн эсрэг Франц, Их Британи, Норвеги, Швед, Туркэд хэрэгт хамааруулан шалгаж байгаа юм.

Интерполын тэргүүнээр сонгогдсон генерал аль Раиси түүнд итгэл хүлээлгэн, өндөр хариуцлагатай албанд томилсонд талархал илэрхийлэн, олон улсын цагдаагийн байгууллагыг цаашид идэвхтэй, нээлттэй, нэр хүндтэй байгууллага болгохын төлөө хичээн зүтгэх болохоо мэдэгджээ.

Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Шток Аль Раисигийн томилгооны асуудлаар мэдэгдэл хийж, хэдийгээр түүний нэр хүндтэй холбоотой асуудал байгаа ч энэ бол Интерполын Ерөнхий Ассамблей томилгоог хийснийг тэмдэглэжээ.

Тэгвэл Аль Раисийг Интерполын тэргүүнээр сонгосныг Арабын Нэгдсэн Эмират олон улсын цагдаагийн байгууллагын төсөвт 50 сая евро оруулсантай холбож байна. Интерполын үндсэн дүрэмд зааснаар энэ байгууллагын тэргүүн зөвхөн төлөөлөх үүрэгтэй байдаг бол байгууллагын үндсэн үйл ажиллагааг ерөнхий нарийн бичгийн дарга гүйцэтгэдэг байна.