Ковид-19

ДЭМБ, COVID-19 коронавирусын цар тахал дэлхий даяар эмч мэргэжилтнүүд, судлаач эрдэмтдийн тооцоолж байснаас илүү богино хугацаанд тархан дэгдэж байгаа талаар мэдэгджээ. 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус энэ талаар мэдэгдэн, дэлхийн улс орнуудад хандан цар тахлаас сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад онцгой анхаарал хандуулахыг хүссэн байна. 

Женев хотноо хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр Гебрейесус: -Өнгөрсөн оны 12-р сард COVID-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 67 өдрийн дараа гэхэд дэлхийн даяар 100 мянга гаруй хүн коронавирусын халдвараар өвчилсөн, үүнээс хойш 11 хоногийн дараа энэ тоо дахин өсч 200 мянга давсан, улмаар 3 дахь 100 мянган тохиолдол ердөө 4-хөн хоногийн дотор гүйцсэн. Энэ бол хүн төрөлхтөнийг нөмөрсөн цар тахал болох нь COVID-19-ийн өвчлөл бараг геометр прогрессоор нэмэгдэж байгаагаас дүгнэж болно гэж мэдэгджээ. 

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 190 гаруй улс оронд нийтдээ 350 мянган хүн COVID-19-ийн цар тахалд өртөөд байна. Түүнчлэн даваа гарагийн байдлаар дэлхий даяар COVID-19 коронавирусын халдвараар нийтдээ 15 мянга гаруй хүн нас барж, 100-аад мянган хүн эмчлэгдээд байна. Нас баралтаар Итали улс тэргүүлж, өнөөдөр энэ улсад нас барагсдын тоо 6,077 болсон бол коронавирусын анхдагч голомт эх газрын Хятадад 3,270 хүн нас барсан статистик тоог ДЭМБ нэрлэж байна. COVID-19 коронавирусын улмаас Хятадад өнгөрсөн хугацаанд нийтдээ 81,093 хүн халдварлаж, 72,703 хүн эдгэрчээ. Италид 63,927 хүн халдварласнаас 7,432 хүн эдгэрсэн байна. Араас нь АНУ халдварласан 41,901 хүн байгаагаас 507 хүн нас барж, 187 хүн эдгэрсэн гэж бүртгэгдэн жагсаалтын 3-рт бичигджээ. Мөн COVID-19-ийн тохиолдол өндөр байгаа улс орнуудын жагсаалтад Испани, Герман, Иран, Франц, Өмнөд Солонгос, Швейцарын Холбооны улс, Их Британи улсууд эхний 10-т бичигдэж байна.