Диего Марадонагийн өмсч байсан цамцыг үнэ хаялцуулан, 8.93 сая ам.доллараар заржээ

Спорт

Сотбис дуудлага худалдааны ордон Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонагийн өмсч байсан цамцыг үнэ хаялцуулан, 8 сая 930 мянган доллараар заржээ.

Онлайн форматаар болсон дуудлага худалдаанд Аргентины домогт тамирчин Диего Армандо Марадонагийн  1986 оны Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнд Английн багийн эсрэг тоглохдоо өмсч байсан богино цамцыг нь үнэ хаялцуулан зарсан юм. Чухам энэ тоглолтод Марадона “зууны гоол”, “бурхны гар” гэгддэг хоёр түүхэн гоолоо өрсөлдөгч багийн хаалганд оруулсан.

Сотбис дуудлага худалдааны ордон Марадонагийн өмсч байсан богино цамц 5 сая евро хүрч зарагдана гэж тооцож байсан бол энэ үнээс давсан байна. Марадонагийн цамцыг 86 оны Дэлхийн аваргын тэмцээний дараа Аргентины хөлбөмбөгчинтэй тэмцээний дараа цамцаа солилцсон Английн шигшээ багийн тоглогч Стив Хож дуудлага худалдааны ордонд заруулахаар өгчээ.