“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Морин хуурын чуулгын хамт олон талархал илэрхийллээ

Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгын хамт олон талархал илэрхийлэв.

Чуулгын Ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайханы хэлсэн үгнээс хүргэж байна.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд,

Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга,

Эрхэм хүндэт Улсын Их Хурал, Засгийн газрын  гишүүдээ,

Энэхүү хүндэтгэл, бахдал дүүрэн цаг мөчид их хүндэтгэл тээн энэ өргөөнөө хуран цугласан төр, нийгмийн зүтгэлтнүүд, монгол үндэсний оюун сэтгэлгээний баялгийг бүтээн туурвигч эрдэмтэн мэргэд, урлаг, соёл, түүх, шашны болоод төр ёсны их хүндэтгэлийг хүлээсэн эрхэм зочид оо.

Та бүхэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.

Суут Богд, их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр, энэ их алдраар овоглосон Монгол төрийн Тэргүүн зэргийн одон хүртэж байгаадаа Морин хуурын чуулгын үе үеийн уран бүтээлчид болон миний бие маш их догдолж байна.

Хүн төрөлхтний буурал түүхэнд монголчуудын буй болгосон үлэмж их өв уламжлал, оюун сэтгэлгээний үнэт зүйлс бүдгэрэх, мартагдах, сэргэх олон олон цаг үеийг гэтэлгэн энэ цагт өртөөлөн ирснээр шинэ Монгол шинэ түүхэнд тодрон гэрэлтэн буй нь оюун санааны соёл, уламжлалын асар их баялагтай, нөөцтэй ард түмэн гэдгийг дэлхийд хүчтэй мэдрүүлж буй нь дамжиггүй.

Үнэхээр бид их хувь заяанд өсөн өндийж, сурч боловсорч, бүтээн туурвиж яваагаа цаг хором бүр улам ихээр мэдэрч байна. Яг энэ мөчид энэ их өвийг төдийгөөс өдий хүртэл өвлөн тээж, дамжуулан залж ирсэн буурлууддаа, хэдий тэнгэрт дэвшсэн ч сэтгэлд минь, чихэнд минь үргэлж хамтдаа эгшиглэх их хүмүүн, нэрт хуурч, сурган хүмүүжүүлэгч, удирдаач Цэндийн Батчулуун багшдаа нийт Монголын ард түмний талархал юуг хамтатган өргөе.

Монгол түмний түүхийн их аян нүүдлийн замд бүтсэн соёлын ололт, ахуй болон өргөн их уудамд тархан нутагшин уул ус, байгаль дэлхий, араатан, жигүүртэн амьтдын үйл хөдлөлийг эгшгээр урнаар илэрхийлэх болсон нь уламжлалт урлаг хэмээгдэн энэ цагт түүхийг мэдрүүлэн байгаа бүхий зүйл болой

Морин хуур бол энэ түүх, соёл, уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн онцлогтой хөгжим билээ.

Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөж байсан цаг үед сэтгэл оюунаа чилээн энэхүү чуулгыг байгуулах гол санааг буй болгосон их бурхад болох гурван эрхэмд гүн их талархал дэвшүүлэхийг хүсэж байна.

Алдарт хуурч Гомбодоржийн Жамьяан, түүний шавь бидний их багш Цэндийн Батчулуун, бидний эгшиглэгээний эрхэм хүмүүн Нацагийн Жанцанноров хэмээх ачтанууд оюун санаагаа чилээн хөдөлмөрлөсний үр дүнд  өнөөдөр бид энэ их алдрыг хүртэж буй нь маргаангүй үнэн.

Тиймийн тулд монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болох морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх, эрдэмжүүлэн түүчээлэхийг бид эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн  123 дугаар тогтоолоор байгуулагдан анхны тоглолтоо 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр  Дуурь бүжгийн академик театрт хийсэн.

Ингэснээр монголчууд Морин хуурын чуулгатай болж, улс үндэсний дархлаанд шинэ илэрхийлэл буй болсон төдийгүй хөгжмийн урлагт хэдий танил мэт бодогдовч  өөр өнгө төрх, дуугаралт бүхий найрал хөгжим үүссэн нь тун саяхны түүх.

Түүхэн 31 жилийн хугацаанд үндэсний уламжлалт бүтээлүүдээс гадна өрнийн болоод дорно дахины сэтгэлгээний онцлог шингэсэн баялаг урын сантай, давхардсан тоогоор дотооддоо бүрэн хэмжээний 5,000 гаруй, дэлхийн бусад 20 гаруй орны тайзнаа 600 гаруй тоглолтоо толилуулсны дээр олон арван нэр хүндтэй уран бүтээлчтэй хамтран бүтээл туурвисан байна.

Бид түүхэн шинэ цагийн мөчлөг дээр улс үндэснийхээ итгэл, хайрыг хүртсэндээ догдлол дүүрэн байгаа хэдий ч, үеийн үед, мөнхийн мөнхөд өөрсдийн ур чадвар, авьяас билиг, оюун чадамжаа улам бататган хөгжүүлж, монгол хүний чадамжийг сурталчлан түгээх сэтгэл бат дүүрэн байгаагаа илэрхийлье.

Биднийг байнга дэмжин байдаг Монголын төр, нийт ард түмэндээ, шантаршгүй, мятаршгүйгээр баттай ард тал нь болсон ээж, аавууд, гэр бүл, үр хүүхдүүдэд нь маш их баярлалаа.

Монгол төрийн өлмий бат оршин, монгол түмний хийморь өөдөө байхын ерөөлийг өргөн дэвшүүлж, ирэх цагт аливаа бүхэн яруу сайхнаар нийт сайн амгалан болтугай.

Эх сурвалж: president.mn