НҮБ-ын гишүүн орнууд ОХУ-д тулалдаанаа зогсоохыг уриаллаа.
ОХУ Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш яг 1 жилийн хугацаа өнгөрч байна. Дайны ойг тохиолдуулж дэлхийн улс орнууд энх тайван тогтоохыг Орост уриалан, Украины газар нутгаас цэргээ татаж, тулалдаанаа зогсоохыг шаардлаа.
Украин дахь дайны 1 жилийн ойгоор НҮБ-ын Ерөнхий Ассемблей хуралдаж, Оросыг түрэмгийллээ зогсоож, энх тайван тогтоохыг шаардсан тогтоол баталлаа. 193 гишүүнтэй Ассемблийн 141 нь тогтоолыг дэмжиж, 32 нь түтгэлзсэн бол, ОХУ-ыг багтаасан 7 орон эсэргүүцжээ. Өмнөх өдөр нь ГХ-ийн сайд нь Москвад айлчлан, хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ амалсан БНХАУ Ерөнхий Ассемблийн санал хураалтад түтгэлзсэн орнуудын тоонд байгааг хэвлэл мэдээлэл онцолж байна. Мөргөлдөөнд Хятад улс энх тайвны талд байгаагаа удаа дараа илэрхийлсэн бөгөөд, байлдааныг цаг алдалгүй зогсоох нөхцлийг бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт гэж НҮБ-д Хятадын төлөөлөгч Пүрэв гарагт мэдэгджээ.
Хятад энх тайвныг тогтоогч болох оролдлого нь Оростой хийсэн бат бөх түншлэлийн харилцаатай нь зөрчилдөж байна гэж шинжээчид Ройтерсд харин онцолсон байна. Украин дахь дайн нь Орос, Хятад хоёр, АНУ болон түүний холбоотнуудын эсрэг зогссон, Хүйтэн дайны шинэ хэлбэрийг бий болгосон гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Лхагва гарагт Хятадын ГХ-ийн сайд Ванг И Москвад айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан. Энэ үеэр 2 талын худалдаа удахгүй жилийн 200 тэрбум долларт хүрэх төлөвтэй байгааг Путин дурджээ. Барууны орнууд үүнийг, Хятад Оростой худалдаагаа нэмэгдүүлж, дайнд шууд бусаар дэмжлэг үзүүлж байна гэж шүүмжилж байгаа юм. Удахгүй Оросыг зэвсгээр хангаж магадгүй гэж АНУ мөн анхааруулсан, гэхдээ үүнийг Хятадын тал үгүйсгэж байгаа. Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жосеп Боррэл ч мөн, Хятадын ГХ-ийн сайд Ванг И түүнд, улс нь Орост зэвсэг илгээхгүй гэсэн байр сууриа тодорхой илэрхийлсэн гэдгийг Пүрэв гарагт мэдэгджээ. “Мөргөлдөөнд аль ч талыг зэвсгээр хангахгүй” гэсэн улсын гадаад бодлогын дагуу, Хятад Орост зэвсэг илгээж байгаагүй, ирээдүйд ч илгээхгүй гэж мэдэгдснийг Боррэл уламжиллаа. Дайны нэг жилийн ойгоор, 2-р сарын 24-нд, БНХАУ дарга Ши Жиньпин “энх тайвныг эрэлхийлсэн” үг хэлнэ гэж гадаадын хэвлэл мэдээлэл дамжуулж байна.