Ковид-19

Европын улс орнуудад COVID-19 коронавирусын дэгдэлт өндөр байгаагаас хүн амд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна.

Эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, вирусын халдвараас гадна бусад өвчтөнүүдийг тусгаарлан хүлээн авах зэргээс үүдэлтэйгээр зөв хуваарилалт, зохицуулалт шаардагдаж байгаа юм. Үүнээс улбаалаад Европын ихэнх улс оронд эрүүл мэндийн салбарт доголдол үүсч, улс орнууд яаралтай арга хэмжээ авч эхлээд байна.

Европын улс орнуудад коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор эмнэлгийн хүртээмжийг дээшлүүлэхийн тулд хээрийн эмнэлэг байгуулж байна. Испани улс энэ зорилгоор Мадрид хотын худалдааны томоохон төвийг эмнэлгийн зориулалтаар ашиглахаар тохижуулсан байна. Энд 5 мянган өвчтөн байрлуулах боломжтой юм. Эмнэлгийн зориулалтаар тохижуулсан ч зориулалтын газар биш учраас энд зөвхөн хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүсийг авчирч байгаа юм. Оросын нийслэл Москва хотод Хятадын арга туршлагыг нэвтрүүлж, шинээр халдварын мэргэжлийн эмнэлэг байгуулахаар болжээ. Шинэ объект нь хэд хэдэн корпустай, Халдварт өвчин судлалын бүрэн хэмжээний төв байх юм. Энэ эмнэлэг нь 70 мянган кв/м талбайтай байх гэнэ. Шинэ эмнэлгийг Хятадын Уханьд барьсан шинэ эмнэлэг шиг богино хугацаанд барьж байгуулахаар төлөвлөж байна. 

Францад Корсик арлаас нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг цэргийнхэний оролцоотойгоор авчирч байгаа юм. Цэргийн Le Tonnerre нисдэг тэргээр иргэдийг нүүлгэн шилжүүлж, коронавирусын шинж тэмдэг нь хүндэрсэн иргэдийг Аяччо дахь цэргийн эмнэлэгт хүргэж байгаа юм. 

Италийн Милан хотод мөн иргэдийн дунд коронавирусын халдвар эрчимтэй дэгдсэнээс цэргийнхэний дэмжлэг туслалцааг авч, шаардлагатай газарт цэргийн хээрийн эмнэлэгт барьж байгуулан, иргэдийг хүлээн авч, үзлэг шинжилгээнд хамруулж байгаа юм.