Ковид-19

Манай улс дахин тусгай нислэг илгээж гадны улс орноос иргэдээ авчрах гэж байна. Ирэх дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд Сөүл, Токио руу нийт хоёр удаагийн нислэг үйлдэж 500 гаруй иргэнээ авчрахаар төлөвлөжээ. Тусгай нислэгээр ирэх хүсэлтэй иргэдийн хувьд тухайн улсдаа шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг тавьж байна. 

Манай улс Ковид-19 халдварын улмаас гадны улсаас иргэдээ татахаар 5 удаагийн нислэг үйлдсэн. Тэгвэл дараагийн ээлжний хүмүүсийг татахад бэлэн болсноо албаныхан дуулгалаа. Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэхийг хүссэн 4805 иргэн байгаагаас эхний ээлжинд 500 орчим иргэнийг авч ирэхээр болжээ. Нийт хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ авах юм. Эхний онгоц 4-р сарын 2-нд БНСУ руу нисэх юм.

Хамгийн гол нь иргэд хүлээцтэй, тайван байж зорчигчийн эрүүл мэндийн хуудсаа заавал үнэн зөв бөглөхийг шаардаж байна. Энэ нь хувь хүний эрүүл мэнд болоод бусад зорчигчийн эрүүл мэндэд маш чухал учир хянуур, няхуур, ухамсартай байхыг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа, суудлаа солихгүй байж, суудлын тоог үнэн бөглөхийг хүслээ. Халуун буулгах элдэв эм хэрэглэхгүй байж  шинж тэмдэг, өвчин, зовиураа нуухгүй байхыг анхаарууллаа.

Гаднаас ирсэн иргэдийг шууд 14 хоногийн хугацаатай тусгаарлаад байгаа юм. Харин энэ удаад ирэх иргэдийг 21 хоногийн хугацаатай тусгаарлах саналтай байгаагаа УОК-ын шуурхай штабаас мэдээлсэн юм.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ