Шинэ гүүрийн бүтээн байгуулалт энэ онд бүрэн дуусна

Нийгэм

Олон жилийг ардаа үдсэн ч бүрэн дуусаагүй Олимпын гүүрний ажил энэ онд дуусна гэж албаны хүн мэдээллээ. Нийслэлийн түгжрэлийг бууруулахын тулд шинэ гүүр, давхар замуудыг олноор тавина гэж төлөвлөж байгаа. Гэвч Олимпын гүүрнээс эхлээд ганц гүүрний бүтээн байгуулалтыг одоог хүртэл дуусгаж чадахгүй байгааг иргэд шүүмжилж байсан юм. Гүүрийн ажил жил дамнан хойшлоход цар тахлын нөхцөл байдал гол нөлөө үзүүлсэн бол одоо дээрх шалтгаанаар ажил саатахгүй гэж мэдэгдлээ.

2018 оноос барилгын ажил эхэлсэн бидний нэрлэж заншсан Шинэ гүүр буюу Олимпын гүүр 1.6 жилийн хугацаанд баригдаж дуусах төлөвлөгөөтэй байсан.

Гэсэн ч өнөөдрийг хүртэл барилгын ажил бүрэн дуусаагүй байхад нь үерийн ус замын зарим хэсгийг сэтэлсэн зэрэг асуудал ихтэй сүүлийн дөрвөн жилийг ардаа үдэж байна. 1.6 жилийн хугацаатай дээрх бүтээн байгууллатын ажил өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй байна.

Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буусан 470 метрийн урттай, 16.5 м өргөнтэй, дөрвөн эгнээ байгууламж юм.

Замын цагдаагийн уулзварын гарц баригдсанаар нарны зам, Гадаад хэргийн яамнаас “Home” плаза хүртэлх замын түгжрэл багасч, төмөр замаар гарах авто машины осол аваар буурах юм байна. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэд ая тухтай саадгүй зорчих, цаг хугацаа шатахуун хэмнэх, эдийн засгийн өндөр үр ашигтай.