Өчигдөр шатсан Шаланз ачаанаас гадна үлдэгдэл бараа ачсан машин сураггүй алга болжээ

Эрх зүй

Иргэн “Г” өс хонзонгийн сэдлээр карго ачааг шатаасан байж болзошгүй гэж ачааны эзэд хардаж байна.

Өчигдөр шатсан Шаланз бараанаас ердөө 5-10 хайрцаг бараа л авч үлдэж чаджээ. Тус ачааны машинд нийт 28 иргэний бараа ачигдаж явснаас гадна хохирлын хэмжээ 2 тэрбумаар тогтоогдоогүй гэж ачааны эзэж тайлбарлаж байна. Одоогийн байдлаар гурван иргэний ачааг үнэлэхэд тэрбум гаруй төгрөг болсон бол үлдсэн 25 иргэний ачаа хэдэн төгрөгөөр үнэлэгдэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа юм. Дийлэнх нь гэр ахуйн бараа байсан ч хэд хэдэн компанийн захиалгат бараа ачигдаж явжээ.

Галын шалтгааныг хуулийн байгууллага эцэслэн тогтоогоогүй байна. Харин ачааны эзэд иргэн Г өс хонзонгийн сэдлээр гал тавьсан байж болзошгүй гэж хардаж байгаагаа хэллээ. Учир нь ачааг урдаас ачихад 990 юанаар тооцон ачааны эздээс мөнгөө шилжүүлэн авчээ. Гэвч ачаа хилээр орж ирэхээс эхлээд хөлсийг нэг нугалан 1800 юанаар ав гэж шаардсан байна. 

Үүнээс гадна шатсан ачааны үлдэгдэл барааг жижиг оврын машинаар тээвэрлэж явсан ч замдаа ор сураггүй алга болжээ. Цагдаагийн байгууллага ачааны эзэд нийлэн өчигдөрөөс хойш хайж байгаа ч одоог хүртэл олоогүй байна. 

Ямартай ч ачааны эзэд шинжээчдийн дүгнэлт эцэслэн гарах хүртэл иргэдийн хохирлыг хэн яаж барагдуулахыг шийдэж чадахгүй нь гэдгээ учирлалаа.

Гал тавьсан байж болзошгүй иргэн Г хариуцах уу, эвсэл ачааны машины жолооч хариуцах уу, барааны эзэд өөрсдөө иргэдийн хохирлыг барагдуулах уу гэдгийг дүгнэлтийн дараа шийдвэрлэх тул иргэд олон нийт учир байдлыг зөвөөр ойлгон түр хүлээхийг хүссэн юм.

Төр карго ачааны үнийг нэгдсэн байдлаар тогтоох, эсвэл энэ асуудалд дорвитой зохицуулалт хийхгүй бол иргэд хоорондын үл ойлголцол энэ мэт хүндрэлтэй асуудлыг дагуулж байна