Ковид-19

Өнгөрсөн өдрүүдэд анхаарал татсан хэд хэдэн хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж дууслаа. Босоо хөх Монгол бүлгэмийн гишүүн халдлагад өртсөн гэсэн мэдээлэл гарсан нь ташаа. Архидан согтуурсан үедээ танхайрч нэгийгээ гэмтээсэн байж болзошгүйг онцоллоо. Мөн Хөвсгөл аймагт төрсөн эцгээ хөнөөж, нуусан хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгааг мэдээллээ.  

"Босоо хөх Монгол" төрийн бус байгууллагын гишүүн халдлагад өртөж, бусдад хутгалууллаа гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Энэ сарын 4-ний өдрийн 12:00 цагт Дорноговь аймгийн цагдаагийн газарт дуудлага ирсэн байна. 

Мөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 11:00 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын иргэн 39 настай М ор сураггүй алга боллоо гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Хэргийг шалгахад хохирогчийн хүү нь аавынхаа амь насыг хөнөөж, улмаар хэргийн ул мөрийг нуусан байжээ.

Цагдаагийн хурандаа Чинбат болон зариг.мн сайтын сэтгүүлчтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаас албан шалгалт хийгдсэн. 4-р сарын 27-ны өдөр 17:00 цагт зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хангах албаны зөрчлийн шалгах хэлтсийн дарга Чинбаттай маргалдсан хэрэг гарсан. Энэ асуудлын талаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Мөн олон нийтийн сүлжээнд хоёр жолооч хоорондоо маргалдаж байгаа бичлэг тавигдсан. Энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгалт явуулж байгаа. Танхайрсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа гэлээ.