Ковид-19

Өнөөдөр манай улсад коронавирусний зөөвөрлөгдсөн тохиолдол нэг ч илрээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Халдвартай иргэдийн биеийн байдал дийлэнх нь сайн байгаа бол 26 хүн хүндэвтэр байгааг онцоллоо. Халдварт өвчин судлалын үндэсний төв эмчилгээгээ үргэлжлүүлж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгааг хэллээ.

Улсын сэжигтэй болон онош батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Харин ажиглах байранд тусгаарлагдаж байгаа зургаа, Дорноговь аймгийн Ханги, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн нийт 86 тээврийн жолооч зэрэг өчигдөр 109 хүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу өнөөдөр гарч, эдгээр иргэдээс коронавиуст халдвар илрээгүй гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.   Одоо ХӨСҮТ-д онош батлагдсан 114 хүн хэвтэн эмчлүүлж байна. 88 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол 26 нь хүндэвтэр байгаа гэсэн юм.

Иргэдэд мэдээлэл хүргэх эх сурвалжийг нэмэгдүүлэх үүднээс Ковид-19 шуурхай удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүллээ. Хэрэглэгч дээрх системд нэвтэрснээр  УОК, ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргаж байгаа бүхий л мэдээллийг авах боломжтой.

Мөн иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор 119 тусгай дугаарын утас, апп ажиллуулж байгаа. Өчигдөр тус утсанд 242 дуудлага ирж, энэ дагуу зөвлөгөө өгсөн байна. Дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор гадуур амны хаалтгүй хүн их явж байгаа талаар ихэвчлэн мэдээлэл ирсэн байна. Тиймээс иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийг ЭМЯ-наас зөвлөлөө.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ