Ковид-19

Өнгөрсөн 24 цагт манай улс нийт 62 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүгд сөрөг буюу халдваргүй гарсан байна. Сүүлийн хоёр хоногт голдуу Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн жолооч нараас халдвар илэрсэн. Тэгвэл энэ удаад 42 жолоочийг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан байна. Харин бүрэн эмчлэгдсэн хүмүүсийн тоо дахин нэмэгдлээ. Өнөөдөр 7 хүн коронавируст халдваргүй болж эмнэлгээс гарлаа.

6 сарын 19-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 62 хүний сорьцыг шинжилсэн. Сорьц авсан хүмүүсийн хувьд ажиглах байранд тусгаарлагдсан 3, тандалтын зорилгоор цуглуулсан 7 хүний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 42 ачаа тээврийн жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүний сорьц байна. Шинжилгээ бүгд сөрөг буюу ковид-19 илрээгүй байна.

Харин 7 хүн эдгэж ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжсэн байна. Ийнхүү батлагдсан 204 тохиолдлын 139 нь эдгэлээ. Мөн ЭМЯ-наас өнөөдөр бууж байгаа  гурван тусгай үүргийн онгоцыг хүлээж авах иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлтгэл ажлыг хангасан. Сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлана. Ирсэн иргэдээс сорьц цуглуулах ажлыг хурдан хугацаанд хийхээр ажиллана гэдгийг хэллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ