ОХУ-ын Тэргүүн байгалийн хийн үнийг рублиэр төлөх тушаал батлан гаргалаа

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн найрсаг бус харилцаатай улс орнуудтай байгалийн хийн төлбөр тооцоог рублиэр хийх тогтоол батлан гарын үсэг зурлаа.

Путин өнөөдрөөс эхлэн найрсаг бус харилцаатай улс орнуудад байгалийн хий нийлүүлэхдээ төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт болох рублиэр хийх болно гэдгээ мэдэгдэж, хэрвээ түүний гаргасан тогтоолыг зөрчвөл худалдан авагч тал төлбөрийн үүргээ биелүүлээгүйд тооцох болно гэжээ. 

Путин энэ талаар улсынхаа Засгийн газрын гишүүдтэй хийсэн уулзалтын дараа мэдэгдэн, зохих хууль тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. ОХУ-ын ерөнхийлөгч нэгэнт Барууны улс орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг тогтоож, гадаад валютаар гүйлгээ хийхийг хориглож, олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс гаргасан учраас цаашид Москватай найрсаг бус харилцаатай улс орнууд байгалийн хий, түлшний үнээ Оросын рублиэр хийх ёстой гэж мэдэгджээ. Тиймээс эхний ээлжинд байгалийн хийн нийлүүлэлтийн төлбөрөө рубльд шилжүүлэн, төлбөр тооцоог Оросын мөнгөн тэмдэгтээр хийх шаардлага тавьж байна.

Путины тэмдэглэн хэлснээр энэ алхам улсынх нь санхүү-эдийн засгийн тусгаар байдлыг бэхжүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийг ханшны уналтаас сэргийлэх, олон улсын арилжаанд оролцох гадаад валют гэж хүлээн зөвшөөрүүлэх алхам болж байгаа юм. Оросоос байгалийн хий авч байгаа улс орнууд төлбөрөө төлөхдөө Оросын банкуудад рублийн данс нээлгэж, түүгээрээ төлбөр тооцоогоо хийх ёстой болж байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийн дараа Европын орнуудад байгалийн хийн үнэ 1,5-5%-иар нэмэгджээ. Сүүлийн долоо хоногт ОХУ-ын Төв Банк рублийн ханшийг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ 9,5%-иас 20% болгон нэмэгдүүлсэн юм.